
2020 онд АНУ-ын зэвсэгт хүчин Ираны нөлөө бүхий генералын амийг хөнөөсөн халдлагад хариу арга хэмжээ авахаар төлөвлөж байгаагаа тус улсын Дээд удирдагч Аятолла Али Хаменеи мэдэгдсэн байна.
Иран улс бүс нутаг дотроо цохилт өгөхөөр бэлтгэж байж магадгүй гэсэн тагнуулын мэдээллийг Саудын Арабаас Вашингтонд дамжуулсан тухай мэдээ лхагва гарагт гарсны дараахан тэрбээр энэ мэдэгдлийг хийсэн нь анхаарал татаж байна.
2020 оны нэгдүгээр сард АНУ тусгай ажиллагаа явуулж, Иракийн Багдад хотын ойролцоо дроны цохилт өгөх үеэр Ираны Хувьсгалт гвардын хошууч генерал Кассем Сулейман алагдсан билээ. Иран улс үүнийг мартаагүй болохыг Аятолла Али Хаменеи оюутнуудад хандан үг хэлэх үедээ дурджээ. Түүнчлэн тэрбээр “Цаг нь болсон” үед Иран улс хариу цохилт өгөх бөгөөд “Бид энэ үгнээсээ ухрахгүй” хэмээн өгүүлснийг тус улсын Төрийн хэвлэл мэдээлсэн байна.
Үүнээс гадна Аятолла Али Хаменеи "Ираны залуу үеийнхний дунд худал мэдээлэл тарааж буй гол буруутан нь АНУ" хэмээн мэдэгдсэн байна. Иран даяар найман долоо хоногийн турш үргэлжилсэн жагсаал цуглаан, эмх замбараагүй байдлын цаана гадаадын захиалагчид бий хэмээн Ираны бусад өндөр албан тушаалтнууд мэдэгдээд байсан юм.