
Өрхийн нийт орлогын 5.5 хувийг эзэлж буй цахилгаан, дулааны төлбөрийг хэвээр үлдээж, аж ахуйн нэгжид худалдан борлуулж буй үнэ тарифыг чөлөөлөхөөр 2023 оны төсвийн төсөлд тусгасан гэж Сангийн сайд мэдэгдээд байна.
Цахилгааны үнийг зөвхөн айл өрхийн төлдөг үнээр авч үзвэл дөрвөн ам бүлтэй нэг өрх өдөрт дунджаар 1200 төгрөг, нэг хүнд ногдох төлбөр 300 төгрөг байна.
Одоогийн эрчим хүчний үнэ тарифыг харвал нэг кВт.цаг тутам нь бодит өртгөөс 49 төгрөгөөр хямд байгаа учир үйлдвэрлэж буй бодит өртөг болох 224 төгрөг хүргэх саналтай байгаагаа Эрчим хүчний зохицуулах хороо Засгийн газарт хүргүүлсэн байна.
Мөн Эрчим хүчний зохицуулах хорооны эрчим хүч хэмнэлтийн хэлтсээс өгсөн мэдээллээр ирэх онд хэмнэлтийн бодлогын хүрээнд үүрэг хүлээсэн аж ахуйн нэгжийн хэрэглээний доод босгыг бууруулж, 330 аж ахуйн нэгжийг хамруулах саналаа Засгийн газарт хүргүүлжээ. Засгийн газрын 2019 оны 181 дүгээр тогтоолоор баталсан журмаар "Үүрэг хүлээсэн хэрэглэгчийн эрчим хүчний хэрэглээний босго хэмжээг Засгийн газар гурван жилд тутамд шинэчлэн тогтооно” гэж заасан байдаг байна.
Одоогоор эрчим хүчний хэмнэлтийн тухай хуулиар 197 аж ахуйн нэгж хэмнэлтийн үүрэг хүлээж байна. Тэдний 34 нь эрчим хүчний компаниуд байгаа бол Төрийн өмчийн 48, оффис худалдааны 26, хөнгөн хүнсний 34, хүнд үйлдвэрийн 16, үйлчилгээний 14, уул уурхайн 25 компани багтаж байна.
Дээрх аж ахуйн нэгжүүд хүлээсэн үүргийнхээ хүрээнд дараах ажлуудыг хийж гүйцэтгэн 294 сая кВт.ц цахилгаан эрчим хүч буюу 49.2 тэрбум төгрөгийн хэмнэлт бий болгосон аж. Үүнд: эрчим хүчний үр ашигтай 8800 гэрэлтүүлэг, 71 цахилгаан хөдөлгүүр, 175 давтамж хувиргуур, 37 компенсацлах төхөөрөмж суурилуулсан 46 барилгын гадна хаших хийцийг дулаалах, 1745 ширхэг цонх солих, 400 орчим метр дулааны шугам хоолойг шинэчилсэн байна.
Энэ хэмжээний хэмнэлт нь дундаж хэрэглээтэй 98 мянган айл, өрхийн бүтэн жилийн эрчим хүчний хэрэглээг хангах нөөц бололцоо гэсэн үг юм.
Цаашид олон улсад хэрэгждэг "Demand Side Management" буюу эрэлтийн менежментийг нэвтрүүлэхээр тооцоо судалгаа хийж дууссан байна.
Мөн хүн амын өсөн нэмэгдэж буй цахилгаан автомашины хэрэглээг дэмжихийн тулд цэнэглэх станцуудыг барьж байгуулах шаардлага тулгарах нь ойлгомжтой. Гэтэл эдгээр цэнэглэх станцууд эрчим хүчний салбарын хувьд оройн оргил ачааллын үед хангах ямар ч боломжгүй, зөвхөн шөнийн цагаар хангах боломжтой гэж салбарын инженерүүд тайлбарлаж байна.
2021 оны эцсийн статистик мэдээллээс харахад улсын хэмжээнд нийт эрчим хүчний хэрэглээний 32.5 хувь нь айл өрх, 67.5 хувь нь аж ахуйн нэгжүүдэд хамаарч байна.
Орлогын бүтцийн хувьд 27 хувийг өрхөөс, 63 хувийг аж ахуйн нэгжийн орлогоос бүрдүүлж байгааг Эрчим хүчний зохицуулах хороо мэдээллээ.