![logo](/_next/static/media/bb_logo.66f005e2.png)
Гурилын үнэ тонн нь 1.6-1.8 сая төгрөг хүртэл буюу 50 гаруй хувиар үе шаттайгаар нэмэгдэх нөхцөл байдал үүссэнийг Монголын гурил үйлдвэрлэгчдийн холбоо мэдээллээ. Түлш, шатахууны үнэ, бордоо, ажиллах хүчний зардал өссөний улмаас улаан буудайн үнэ өнгөрсөн онтой харьцуулахад 71 хувиар өссөн аж.
Тухайлбал: улаан буудай тарьдаг үр тонн нь 980 мянган төгрөг байсан бол 1.4 сая төгрөг болж 15 хувиар, бордоо 1.8 сая төгрөгөөс 3.8 сая төгрөг болж 110 хувиар, түлш, шатахуун 40-50 хувиар, ургамал хамгааллын бодис болоод ажиллах хүчний зардал хоёр дахин өссөн нь улаан буудайн үнэ нэмэгдэхэд голлон нөлөөлжээ. Түүнчлэн боловсруулах үйлдвэрийн ажиллах хүчний зардал, техник хэрэгсэл, урсгал зардлын өртөг 20 хувиар, үйлдвэрлэлийн зардал 40 орчим хувиар өссөн байна. Улаан буудайн өртөг нэмэгдсэнтэй холбоотойгоор гурилыг тонн тутамд 1.2 сая төгрөгөөр худалдахаа тариаланчид мэдээлж буй.
Үүнээс гадна наймдугаар сард ХХААХҮЯ энэ жил Хөдөө аж ахуйг дэмжих санд I ангиллын улаан буудай тонныг нь нэг сая төгрөг, II ангиллын улаан буудай тонныг нь 970 мянган төгрөг, III ангиллын улаан буудай тонныг 940 мянган төгрөг, IV ангиллын улаан буудай тонныг нь 880 мянган төгрөгөөр тооцон авахаар болсныг мэдээлж байв.
Салбарын сайдын хэлснээр Украины дайны нөхцөл байдал, COVID-19 цар тахлаас шалтгаалж газар тариалангийн үйлдвэрлэлд шаардлагатай бүх орцын үнэ 30-35 хувиар өссөн. Тиймээс үйлдвэрлэлийн бодит үнэ өртөг болон дэлхийн зах зээл дэх үнэ ханш зэрэг хүчин зүйлсийг харгалзан энэ жилийн буудайн үнийг тогтоогоод байгаа аж.
340 мянган тонн улаан буудай, 240-260 мянган тонн гурилаар дотоодын хэрэгцээгээ хангахад хүрэлцээтэй бөгөөд сүүлийн таван жилд дотоодоосоо 60-70 хувийг, бусад улсаас 30-40 хувийг худалдан авсан байна. Гурил үйлдвэрлэлийн салбар дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангаж, экспортод бүтээгдэхүүн гаргах боломж хангалттай байгаа юм.
Монгол Улсад 70 орчим гурилын үйлдвэр бүртгэлтэй байдгаас 2021 онд 12 гурилын үйлдвэр үйл ажиллагаа явуулж байжээ. Харин өнөөдрийн байдлаар дөрөв нь үүдээ барьж, 900 мянган тонн улаан буудай тээрэмдэх хүчин чадалтай найман үйлдвэр тогтвортой бус үйл ажиллагаа явуулж байна. Бусад томоохон гурилын үйлдвэр жигд үйл ажиллагаа явуулдаг байсан ч 50 хувийн гүйцэтгэлтэй ажиллаж байгаагаас харахад дотоодын зах зээл хумигдаж, гадагш чиглэх зах зээлээ тэлж чадахгүй байгаа юм.
Нэг тонн улаан буудайны 75 хувь нь гурил, 25 хувь нь хивэг болдог. Мөн улаан буудайныхаа чанараас хамааран дээд гурил, I зэргийн гурил, II зэргийн гурил гэсэн ангилалтайгаар бүтээгдэхүүн гардаг аж.
Энэ долоо хоногийн байдлаар “Алтан тариа” задгай дээд гурил кг нь 1895 төгрөг, савласан нь 1947 төгрөг байгаа бол “Алтан тариа” задгай I зэргийн задгай гурил кг нь 1561 төгрөг, савласан нь 1621 төгрөгийн үнэтэй байна. II зэргийн гурил кг нь 1256 төгрөгөөр худалдаалагдаж байгааг Нийслэлийн Статистикийн газар мэдээллээ.
Харин зах, худалдааны төвүүдэд “Улаанбаатар гурил” ХХК-ийн нэг кг дээд гурил 1900 төгрөгөөр зарагдаж байсан бол 2300 төгрөг болсон, I зэргийн гурил нь 1600 төгрөгөөс нэмэгдээд 1900 төгрөг болжээ. Өнгөрсөн онд гурилын үйлдвэрийнхэн улаан буудай кг-ыг нь 700 төгрөгөөр худалдан авч I зэргийн гурилыг 1000-1100 төгрөгөөр борлуулж байсан аж. Гурилын үнэ VI-VII сард хэвийн байсан бол шинэ ургацын гурил гарч эхэлсэн цагаас эрчимтэй нэмэгджээ.
Гурилын үнэ нэмэгдэхтэй зэрэгцэн талх, нарийн боов, гоймонгийн үнэ ч дагаад өсдөг байна. “Улаанбаатар гурил” ХХК, “Алтан тариа” ХХК зэрэг томоохон үйлдвэрүүд гурилынхаа үнийг нэмэхэд бусад нь дагаад үнээ нэмдэг гэж худалдаачид онцолж байна.
Үйлдвэрүүд гурилын үнээ нэмсэн шалтгаанаа “Түлшний үнэ, сав баглаа боодлын үнэ болон улаан буудайн үнэ нэмэгдсэнтэй холбоотой” гэж тайлбарлаж байна. Тухайлбал: "Алтан тариа" ХХК “COVID-19-ийн үед гурилын үнээ нэмэлгүй тогтвортой барьж, бараг ашиггүй ажилласан. Энэ жилийн хувьд үнээ нэмэхээс аргагүй болсон. Гурилын үнэ төрлөөсөө шалтгаалаад 50-100 төгрөгөөр нэмэгдсэн" гэж мэдээллээ.
Ургацын урьдчилсан балансаар энэ онд 470.3 мянган тонн үр тариа, үүнээс 441.4 мянган тонн улаан буудай хураан авах төлөвтэй байгаа юм. Энэ долоо хоногийн байдлаар 82.8 мянган га-гаас 103.2 мянган тонн үр тариа, үүнээс 80.0 мянган га-гаас 99.3 мянган тонн улаан буудай хураан аваад байгаа бөгөөд улаан буудайн хураалт 25.1 хувьтай үргэлжилж байна.
Ургамал, газар тариалангийн хүрээлэнгийн дэд захирал, доктор Б.Баатарцол “2022 оны хавар хөрсний чийг харьцангуй сайн байсан, зуны хугацаанд хэвийн болон ахиу хур тунадастай байснаас үзвэл байгаль цаг агаараас шалтгаалсан ургац буурах, тарианы болц оройтох, будааны чанар буурах ямар нэг шалтгаан үүсээгүй. Харин баруун бүс нутаг түүний дотор ахиу тариалан бүхий Увс аймагт зуны эхэн хагаст гантай байснаас ургацын хэмжээ багасах нөхцөл бүрдсэн”-ийг онцолж байна.