Зургийг: Solar Foods
Турмерик амтлагч шиг шаргал өнгөтэй, гурил шиг нарийн ширхэгтэй, харахад хоолны дуршил төдийлөн хөдлөхөөргүй энэхүү нунтаг нь хүнсний технологийн сүүлийн үеийн томоохон ололт амжилтад тооцогдож байна.
Финланд улсын "Solar Foods" стартапын бүтээж, өнгөрсөн долоо хоногт Сингапурт анх худалдаалагдаж эхэлсэн "Solein" хэмээх энэхүү бодис нь агаар, ус, цахилгаан, микробоос бүрдсэн бөгөөд жирийн талхнаас паста хүртэл бүхий л хүнсийг хийж болох аж. Аравдугаар сард энэхүү бодисыг агуулсан орц бүхий хүнсний бүтээгдэхүүнийг Сингапурт худалдаалахыг зөвшөөрчээ.
"Solein" нь 65-70 хувийн уураг, 5-8 хувийн тослогийн агууламжтай, хатаасан шар буурцаг, эсвэл замагтай төстэй бүтэцтэй, кэшью, бүйлсний самрыг санагдуулам амттай аж. Сүүлийн үед өргөн ашиглагдах болсон микробын ферментжүүлэлтийн аргаар "Solein"-ийг гаргаж авдаг бөгөөд товчхондоо шар айраг исгэхтэй төстэй байдлаар хийгдэг байна. Хэдий тийм боловч микробууд нь сахрын оронд азот, нүүрстөрөгчийн давхар ислээр хооллон өсөж үрждэг байна. Дараагаар нь илүүдэл усыг шүүж хатааснаар нунтаг бүтэцтэй болдог ажээ.
Хэдийгээр уураг орлуулагчийн чиглэлд хөрөнгө оруулагчдын сонирхол буураад байгаа ч хүнсэнд хэрэглэх илчлэгийг фермерийн аж ахуйгаас өөр аргаар бий болгох боломжтой гэсэн утгаараа дээрх технологи багагүй анхаарал татаж эхэлжээ. Үр тарианы томоохон компани "Archer-Daniels-Midland" энэ сард Калифорнид төвтэй "Air Protein" компанитай стратегийн түншлэл байгуулж, энэ чиглэлд бүрэн хэмжээний үйлдвэрлэл явуулахаар ихээхэн хөрөнгө оруулалт хийгээд байна.
"Агаараас хүнс гаргаж авах" технологийн үйлдвэрлэлийн дэлхий дахинд бодит нөлөө үзүүлэх хүртэл дахиад хэдэн арван жилийн хугацаа шаардагдахыг "Solar Foods"-ийн Гүйцэтгэх захирал Паси Вайникка ярилцлагадаа өгүүлжээ. Мөн одоогийн байдлаар консепт байдлаар, жижиг хэмжээнд үйлдвэрлэл явуулж буй үйлдвэр нь бүрэн ажиллагаатай болох хүртэл буюу 2024 он хүртэл "Solein" нь зах зээлд өргөн нэвтрэхээргүй байна. Ялангуяа зөвшөөрөл олгох үйл явц маш удаан байгаа нь "Solein"-ийн үйлдвэрлэлийг саатуулж буй бас нэгэн хүчин зүйл аж.
Одоогоор Сингапур улс л "Solein"-д зөвшөөрөл олгосон бөгөөд Европын Холбооны зөвшөөрлийг 2025 оноос өмнө авахааргүй төлөвтэй байгааг Паси Вайникка онцолжээ. "Solar Foods" нь 2017 онд Финланд улсын Төрийн өмчит судалгааны институтээс тусгаарлан гарсан төсөл юм. Тус компани одоогоор "Agronomics Ltd." зэрэг "CPT Capital" компаниудаас 105 сая еврогийн санхүүжилт босгоод байгаа аж.