Зургийг: Qilai Shen/Bloomberg
OPEC дэлхийн газрын тосны зах зээл өмнөх таамаглалтай харьцуулахад бага зэрэг хумигдмал шинжтэй болно хэмээн үзэж байгаа бөгөөд үүнтэй холбоотойгоор эрэлтийн төсөөллөө өсгөж, нийлүүлэлтийн төсөөллөө бууруулжээ.
Тус бүлэг энэ онд олборлох газрын тосны хэмжээгээ өдрийн дүнгээр 250 мянган баррелиар нэмэгдүүлж, дунджаар өдрийн 29.42 сая баррель хүргэснээ тайландаа дурдсан байна. OPEC-ийн одоогийн гарцын түвшнээс харвал зах зээл өргөн хүрээндээ тэнцвэртэй байх төлөвтэй байгаа юм.
Хэдийгээр БНХАУ эдийн засгаа нээж, ОХУ барууны хориг арга хэмжээний хариуд гарцаа бууруулаад байгаа ч OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг өнгөрсөн оны эцсээр баталсан 2023 оны үйлдвэрлэлийн квотдоо өөрчлөлт оруулахгүй гэсэн дохиог өгөөд байна. Зарим бүсүүдэд суларсан эрэлтийг бусад бүсүүд дэх өсөлт нөхөж байгаа учраас дэлхийн түүхий газрын тосны зах зээл тэнцвэржсэн гэж дүгнэж болохыг Арабын Нэгдсэн Эмират улсын Эрчим хүчний сайд мягмар гарагт бататгасан байна.
“БНХАУ хил гааль, шилжилт хөдөлгөөний хоригоо цуцалсан нь 2023 онд газрын тосны эрэлт нэмэгдэхэд нөлөөлөх гол хүчин зүйл болно. Тус улсын эдийн засгийн сэргэлтийн хамрах хүрээ, хурд нь одоогоор анхаарал татсан асуудал болж байна” хэмээн OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг мэдэгджээ.
Тус бүлгийн тооцооллоор энэ онд дэлхийн газрын тосны хэрэглээ өдөрт 2.3 сая баррелиар буюу өмнөх сарын төсөөллөөс 100 мянган баррелиар илүү дүнгээр өсөж, дунджаар өдөрт 101.87 сая баррель хүрэхээр байгаа аж. Түүнчлэн бүлэгт багтдаггүй орнуудын нийлүүлэлт 2023 онд өдрийн дүнгээр 150 мянган баррелиар буурч, 67 сая баррель болно хэмээн тооцоолсон байна.