logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Технологи ба инновац
    Нийтлэлийг хуваалцах
    Г.Хулан
    “BMW”-ийн хосолмол хөдөлгүүртэй автомашины үнэ $159 мянгаас эхэлнэ
    Нийтэлсэн огноо: 2022 оны 09 сарын 29 13:26
    304
    "BMW”-ийн “XM” загвар нь цэнэглэх боломжтой цахилгаан үүсгүүр бүхий V8 хөдөлгүүртэй, 644 морины хүчтэй, 4 секундийн дотор 100 км/цагийн хурд авах боломжтой

    “BMW” компани хурд, хүч сайтай “M” цувралынхаа хосолмол цахилгаан хөдөлгүүртэй анхны загвараа танилцууллаа.

    “Crossover” ангилалд багтах “BMW"-ийн "XM” загвар нь цэнэглэх боломжтой цахилгаан үүсгүүр бүхий V8 хөдөлгүүр, найман шатлалт хурдны хайрцагтай, бүх дугуйн хөтлөгчөөр тоноглогджээ. Мөн 644 морины хүчтэй, 800 ньютон метр мушгих хүчтэй тул 100 км/цагийн хурдыг дөрвөн секундийн дотор авах боломжтой аж. Харин дээд хурд нь 270 км/цаг боловч цахилгаан горим руу шилжсэн үед хамгийн ихдээ 140 км/цаг хурдлах юм байна. Үнийн хувьд 159 мянган ам.доллароос эхлэх аж.

    Шинэ “XM” загвар нь уралдаанд зориулагдсан, хурдаар илүү “BMW"-ийн "M Hybrid V8” загвартай ижил хөдөлгүүртэй гэдгээрээ онцлог аж. Хэдий тийм боловч өндөр хурдтай явах тусам дан цахилгаан хөдөлгүүрийн нэг цэнэглэлтээр туулах зай нь багасах аж.

    Үүнээс гадна “XM” нь таван суудалтай, мөн стандартын суудал халаагчтай үйлдвэрлэгдэхээр болсон нь худалдан авагчдын таашаалд нийцжээ. Өмнө нь “BMW” автомашиныхаа суудал халаагчийг нэмэлтээр захиалдаг үйлчилгээ болгосон нь багагүй шүүмжлэл дагуулж байв.

    Дэлхийн тансаг зэрэглэлийн автомашины хамгийн том үйлдвэрлэгч гэж тооцогддог тус компани түүхий эдийн үнийн өсөлтийг даван туулахын тулд нийлүүлэлтийн сүлжээгээ шинэчлэх арга хэмжээ авч буй. Мөн Европ, БНХАУ, Хойд Америкт байршилтай зургаан шинэ үйлдвэрээс цахилгаан автомашины цэнэг хураагуур худалдаж авахаар төлөвлөснөө мэдэгдсэн юм.

    Тус компани “XM” загвараа энэ оны эцсээр Спартанбург дэх үйлдвэртээ угсарч эхлэх бөгөөд 2023 оны эхээр зах зээлд нийлүүлэхээр төлөвлөжээ. 

    Cэтгэгдэл бичих