
Зургийг: SeongJoon Cho/Bloomberg
Өнгөрсөн онд дэлхий даяар кобальтын нийлүүлэлт түүхэн дээд түвшинд хүрч, үүнтэй зэрэгцэн оны хоёрдугаар хагаст эрэлт суларснаар цэнэг хураагуурын нэн чухал түүхий эд тус металлын нөөцийн илүүдэл их хэмжээний үүсэхэд хүргэсэн болохыг таваарын арилжааны “Darton Commodities” мэдээлжээ.
Олборлосон кобальтын нийлүүлэлт тайлант хугацаанд 23 хувиар өссөн нь өмнөх онд нь үүсээд байсан ихээхэн хомсдолыг арилгасан болохыг тус компани даваа гарагт нийтэлсэн жилийн тайландаа дурдсан байна. Хэдий тийм боловч цахилгаан хэрэгслийн салбар дахь эрэлт суларснаар кобальтын хэрэглээнд нөлөөлсөн аж.
Кобальтын нөөцийн энэхүү илүүдэл нь цэнэг хураагуурын өөр нэгэн чухал металл болох литийн нийлүүлэлтийн болгоомжлолтой эсрэгцэж байгаа юм. Цахилгаан автомашины борлуулалтын өсөлт 2022 оны эхэн үед тус хоёр металлын үнэ огцом өсөхөд нөлөөлсөн боловч кобальтын үнэ долоодугаар сард дээд цэгтээ хүрснээсээ хойш 60 хувиар унасан байхад литийн үнэ төдийлөн их дүнгээр буураагүй байна.
Кобальтын олборлолт өссөн нь дэлхийн хэмжээнд тус металлын нийлүүлэлтийн 75 хувийг хангадаг Бүгд Найрамдах Конго улс болон сүүлийн үед энэ зах зээлийн хүчтэй өрсөлдөгч болоод байгаа Индонез улс олборлолтоо нэмэгдүүлсэнтэй холбоотой аж.
Зэс, никель олборлолтын дайвар бүтээгдэхүүн болох кобальт нь нийлүүлэлтийн олон давтагдсан хомсдол, мөн Конгын уурхайнууд дахь хөдөлмөрийн аюултай нөхцөл байдлын улмаас цахилгаан автомашин үйлдвэрлэгчдийн толгойны өвчин болж байв.
2022 оны байдлаар дэлхийн кобальтын нийт нийлүүлэлтийн 44 хувийг БНХАУ-ын компаниуд эзэмшиж, удирдахын зэрэгцээ боловсруулсан кобальт үйлдвэрлэлийн 78 хувь нь тус улсад ногдож байгааг “Darton” тооцоолжээ.