“Alibaba” компани “Singles’ Day” буюу “Ганц биечүүд”-ийн өдрийн борлуулалтаа олон нийтэд зарлахгүй байхаар шийдвэрлэлээ. 14 жилийн турш тэмдэглэж буй энэхүү баяраар борлуулалт нь урьд өмнө байгаагүй бага хэмжээнд байна гэж шинжээчид таамаглаж байсан юм. Баярын өдрийн худалдаанд 290 мянга гаруй брэнд оролцжээ. Борлуулалтын орлого өнгөрсөн оныхоос хол зөрөөгүй хэмээн “Alibaba” мэдэгдээд байна.
2021 оны энэ өдөр тус компани 76.1 тэрбум ам.долларын борлуулалт хийж байжээ. Энэхүү баярын өдөр нь сүүлийн жилүүдэд борлуулалтын хэмжээ болон өсөлтийнхөө хурдаар АНУ-ын “Хар баасан гараг” болон “Cyber Monday“ буюу “Кибер даваа гараг” зэрэг баярын худалдан авалтыг гүйцээд байгаа юм.
Энэ өдрийн борлуулалтын орлогын мэдээнээс эдийн засгийн шинжээчид БНХАУ-ын эдийн засгийн төлөв байдал болон тус улсын тэргүүлэх цахим худалдааны компанийн үйл ажиллагааг дүгнэдэг байсан юм. Зарим мэргэжилтнүүд тус компани дараа долоо хоногт III улирлын орлогын тайлангаа танилцуулах үедээ баярын өдрийн борлуулалтаа олон нийтэд ил болгож магадгүй гэж үзэж байна.
БНХАУ-ын Коммунист намаас хувийн салбарынхны хяналтыг чангатгах бодлогоо “Alibaba” компани болон тус компанийн захирал Жэк Магаас эхлүүлээд байгаа юм. Үүнтэй холбоотойгоор "Alibaba"-ийн үйл ажиллагаа сүүлийн үед удаашраад байгаа аж. Энэ завшааныг ашиглан тэдний гол өрсөлдөгч “JD.com" болон “Pinduoduo” зэрэг компани зах зээлд эзлэх байр сууриа өргөжүүлээд байна.
Өрсөлдөөнөөс гадна “Singles’ Day”-ийн борлуулалт БНХАУ-ын эдийн засгийн удаашралтай холбоотойгоор буурчээ. Тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүн өнгөрсөн III улиралд 3.9 хувиар өссөн бөгөөд бөөний болон жижиглэн худалдааны салбар 2.5 хувиар өсөөд байсан юм. Энэ нь наймдугаар сарын 5.4 хувийн өсөлтөөс буурсан үр дүн болжээ.