logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Г.Минжмаа
    Монгол Улс $2.4 саяын өртөг бүхий 28,503 толгой мал экспортлоод байна
    Нийтэлсэн огноо: 2023 оны 01 сарын 11 14:30
    656
    Урьдчилсан дүнгээр улсын хэмжээнд 20 сая малыг эдийн засгийн эргэлтэд оруулжээ

    Энэ өвөл улсын хэмжээнд 71.1 сая, хонин толгойд шилжүүлснээр 122.5 сая толгой мал өвөлжиж, 20 сая малыг эдийн засгийн эргэлтэд оруулсан өмнөх жилүүдээс буурсан үзүүлэлт болсныг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам мэдээллээ. 2020-2021 онд 24.6 сая малыг эдийн засгийн эргэлтэд оруулж байжээ.

    Мал тооллогын урьдчилсан дүнгээр улсын хэмжээнд 4.8 сая адуу, 5.5 сая үхэр, 470 мянган тэмээ, 32.7 сая хонь, 27.6 сая ямаа буюу нийт 71.1 сая мал тоологдсон нь өнгөрсөн оныхтой харьцуулахад 5.6 хувиар өссөн үзүүлэлт болж байна.  

    Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн зөвлөмжөөр 8000 тонн үхрийн түүхий мах, 5000 тонн дулааны аргаар боловсруулсан үхрийн мах, адуу, хонь, ямааны түүхий болон дулааны аргаар боловсруулсан махыг хязгаарлалтгүй экспортлохоор баталсан юм. 2021 онд 21.8 мянган тонн мах, махан бүтээгдэхүүн экспортолж байсан бол 2022 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар БНХАУ, ОХУ, Япон, Казакстан, Киргиз, Узбекстан, Азербайжан, Иран, Арабын Нэгдсэн Эмират, Катар, Хонгконг болон Вьетнам улсад 50.6 сая ам.долларын өртөг бүхий 6.9 мянган тонн адууны мах, 144.5 тонн үхрийн мах, 3.9 мянган тонн хонь, ямааны түүхий мах, 5000 тонн боловсруулсан мах,  252 тонн дайвар бүтээгдэхүүн нийт 16.1 мянган тонн мах, дайвар бүтээгдэхүүн экспортолсон байна. Тухайлбал: Узбекистан Улс Монгол Улсаас өнгөрсөн оны эхний 10 сарын байдлаар 500 тонн мах, дайвар бүтээгдэхүүн импортолсон бөгөөд цаашид энэ хэмжээгээ эрс нэмэгдүүлэх хүсэлтэй байгаа аж. Узбекистан улс мах, махан бүтээгдэхүүн импортлох зөвшөөрлийг Монгол Улсын есөн аж ахуйн нэгжид олгосноор тус улсад экспорт хийх боломжтой аж ахуйн нэгжийн тоо 26 болжээ.

    Улсын хэмжээнд мал төхөөрөх 98, мах боловсруулах 80 үйлдвэр үйл ажиллагаа явуулж байгаа ч суурилагдсан хүчин чадлынхаа 10 хүрэхгүй хувийг ашиглаж байна. Сүүлийн таван жилд дунджаар 35.7 мянган тонн махыг үйлдвэрийн аргаар төхөөрсөн нь хөдөө аж ахуйгаас бэлтгэсэн махны 6.2 хувийг эзэлж байгаа аж.  

    Харин амьд малын экспорт 2022 оны аравдугаар сараас эхэлж, 12 дугаар сарын 31-ний байдлаар 2.4 сая ам.долларын өртөг бүхий 23 мянга 100 толгой хонь, 5392 толгой ямаа, 11 толгой адуу нийт 28 мянга 503 толгой мал экспортолжээ. 

    Үүнээс гадна өнөөдрийн байдлаар хот суурин газрын хүн амын хаврын махны нөөц бүрдүүлэх зорилгоор мах бэлтгэн нийлүүлэгч 12 аж ахуйн нэгжид ХААН болон Худалдаа, Хөгжлийн банкаар дамжуулан 53.3 тэрбум төгрөг олгоод байна. Мах бэлтгэн нийлүүлэгч аж ахуйн нэгжүүдэд 130.0 тэрбум төгрөгийн зээлийг нэг жилийн хугацаатай, жилийн гурван хувийн хүүтэй олгохоор Засгийн газар шийдвэрлэсэн юм. Түүнчлэн аймгууд 2.5 мянган тонн мах нөөцлөхөд зориулж 1.1 тэрбум төгрөг төсөвлөөд байгаа аж.

    Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун "Яамны зүгээс ирэх жилээс эхлэн нөөцийн мах бэлтгэхгүй. Нөөцийн махны борлуулалт, сүлжээ зэрэг бүх асуудал нийслэлийн харьяалалд байдаг. Иймд хэдэн тонн мах бэлтгэх талаар тооцоо, судалгаагаа хийгээд бэлтгэлийн асуудлаа нийслэл нь бүрэн хариуцах шаардлагатай" гэж мэдэгдэж байсан юм.

    Cэтгэгдэл бичих