
Зургийг: Xaume Olleros/Bloomberg
Агаарын тээврийн үйлчлүүлэгчид дунд жил бүр явуулдаг санал асуулгаар “Singapore Airlines” компани гол өрсөлдөгч “Qatar Airways”-ийг гүйцэж, 2023 оны агаарын тээврийн дэлхийн “Шилдэг компани”-аар тодорчээ.
Энэ оны “Skytrax World Airline Awards” жагсаалтад Ойрх Дорнодын “Qatar Airways” компани хоёрдугаар байр руу ухарсан бол Японы “All Nippon Airways”, “Japan Airlines” болон Арабын Нэгдсэн Эмират улсын “Emirates” компани эхний тавд багтсан байна. Хэдий тийм боловч “Qatar Airways” бизнес нислэг, суудал, лоунж гээд бизнес ангиллын бүх үзүүлэлтэд “Шилдэг компани”-аар тодорсон гэдэг утгаараа гол хөзрийг дахин атгасан байна.
Харин хямд өртөгтэй үйлчилгээ үзүүлэгч шилдэг компаниар “Airasia” нэрлэгджээ. Хойд Америкийн компаниудаас хамгийн өндөр эрэмбэлэгдсэн нь өнгөрсөн оноос дөрвөн байр ахиж 20 дугаарт бичигдсэн "Delta" байсан бол Европын компаниудаас "Turkish Airlines" зургаадугаарт, "Air France" долоодугаарт байр ахин жагсжээ. Түүнчлэн “Шилдэг нисэх баг”-тай компаниар "Garuda Indonesia", хамгийн цэвэрхэн агаарын хөлөгтэй компаниар "ANA" тодорсон байна.
"World Airline Awards" жагсаалтыг 100 гаруй орны үйлчлүүлэгчдээс цахимаар авсан судалгаанд үндэслэн гаргадаг бөгөөд энэ онд агаарын тээврийн 325 компани эрэмбэлэгджээ.
Дашрамд дурдахад, Азийн тэргүүлэх санхүүгийн хоёр төвийн агаарын тээврийн гол компаниуд болох "Singapore Airlines" болон "Cathay Pacific" хоорондын орлого, хөрөнгийн ялгаа цар тахлаас хойш тасралтгүй тэлсээр байна. Зах зээлийн үнэлгээг нь харвал "Singapore Airlines" өдгөө 17 тэрбум ам.доллароор үнэлэгдэж байгаа нь "Cathay Pacific"-аас бараг гурав дахин өндөр байгаа юм. Дөрвөн жилийн өмнө энэ зөрүү хоёр тэрбум орчим ам.доллар байжээ.
2023 оны агаарын тээврийн “Шилдэг” компаниуд
- Singapore Airlines
- Qatar Airways
- All Nippon Airways (ANA)
- Emirates
- Japan Airlines
- Turkish Airlines
- Air France
- Cathay Pacific Airways
- Eva Air
- Korean Air
- Hainan Airlines
- Swiss International Air Lines
- Etihad Airways
- Iberia
- Fiji Airways
- Vistara
- Qantas Airways
- British Airways
- Air New Zealand
- Delta Air Lines