
Түгжрэлийг сааруулах зорилтын хүрээнд зарим төрлийн татварын тохиргоо хийхээр 2023 оны төсвийн төсөлд тусгаж байна.
Импортоор орж ирж буй автомашины насжилтаас хамааран онцгой албан татварыг нь нэмнэ. Ингэхдээ эдэлгээ ихтэй байх тусмаа их татвар төлөх зохицуулалт хийхээр байгаа аж. Мөн хоёр ба түүнээс дээш автомашин хэрэглэж буй хэрэглэгчдийн татварыг нэмнэ гэж тусгажээ.
2022 оны эхний зургаан сарын байдлаар Монгол Улс суудлын автомашины албан татвараас 144.0 тэрбум төгрөг бүрдүүлсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 51 хувиар өссөн үзүүлэлт болж байгаа юм.
Импортоор орж ирдэг автомашины дийлэнх хувийг хуучин автомашин бүрдүүлдэг. Оны эхний найман сард нийт 395 сая ам.долларын автомашин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 36.7 хувиар өссөн үзүүлэлт болж байна.
Улаанбаатар хотод сүүлийн байдлаар 642 мянга гаруй тээврийн хэрэгсэл бүртгэгдсэн бөгөөд энэ нь 2011 оны тоон үзүүлэлтээс 50 орчим хувиар өссөн дүн боллоо.
Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд 2023 оны улсын төсөвт 420 тэрбум төгрөг суулгахаар тусгасныг өмнө нь Засгийн газар мэдээлж байсан юм.