Зургийг: WOOHAE CHO/Bloomberg
Энэ оны эхний улиралд БНСУ-ын эдийн засгийн өсөлт шинжээчдийн таамгийг давлаа. Дотоодын нийт бүтээгдэхүүнийх нь үзүүлэлт тус улсын Төв банканд бодлогын орон зай өгч байгаа ч эдийн засгийн өсөлтөд сорилт тулгарсан хэвээр буйг тодотгосон байна.Тодруулбал: оны эхний улиралд БНСУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүн 0.3 хувиар өссөнөөр 2022 оны IV улиралд 0.4 хувиар агшиж байсантай харьцуулахад эдийн засаг сэргэсний дохио болсон гэж БНСУ-ын Төв банк үзжээ. Энэ нь “Bloomberg”-ийн эдийн засагчдын дунд явуулсан судалгаанаас гарсан таамаглал болох 0.2 хувийн өсөлтөөс давж байгаагаараа онцлогтой юм.
Дээрх үзүүлэлт нь БНСУ-ын эдийн засгийн өсөлт, инфляцыг сааруулах арга хэмжээний тэнцвэрийг хангахаар ажиллаж буй Төв банкны хувьд нааштай дохио болж байгаа аж. Учир нь үүгээр бодлого тодорхойлогчдод боловсруулалт хийх илүү урт хугацаа олгогдож байгаа юм.
БНСУ-ын Төв банк энэ сарын хоёр удаагийн хуралдаанаараа бодлогын хүүг хэвээр хадгалсан бөгөөд 2023 оны эцсийн эдийн засгийн өсөлтийн үзүүлэлт өмнөх төсөөлөл болох 1.6 хувьд арай хүрэхгүй төлөвтэй байгааг мөн онцолж байна.
Түүнчлэн нарийвчилсан хугацаа нь тодорхойгүй ч эдийн засгийн өсөлт энэ оны эцсээр эрчимжинэ гэж таамаглаж байгаагаа БНСУ-ын Төв банк хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ.