Зургийг: Jason Alden/Bloomberg
Кино зохиолч, санхүүгийн зөвлөх гээд бүхий л мэргэжлийн ажиллах хүчний дунд хиймэл оюуны хөгжлөөс үүдэлтэй сандрал, болгоомжлол бүрэлдэж байгаа ч өргөн хүрээнд нь харвал хиймэл оюун ихэвчлэн эмэгтэйчүүд төвлөрдөг ажлын байрнуудыг орлох магадлал харьцангуй өндөр болохыг хүний нөөцийн судалгааны "Revelio Labs" фирм мэдээлж байна. Тодруулбал: тус компани АНУ-ын Эдийн засгийн судалгааны үндэсний товчооны судалгаанд үндэслэн ирээдүйд хиймэл оюун орлох хамгийн өндөр магадлалтай мэргэжлүүдийг тодорхойлж, дараагаар нь тэдгээрийг жендерийн харьцаагаар эрэмбэлэхэд нягтлан бодогч, удирдлагын нарийн бичиг, аудитор зэрэг голчлон эмэгтэйчүүд хийдэг ажлууд тэргүүн эгнээнд бичигджээ.
"Ажил мэргэжлүүд дэх жендерийн хуваарилалт нь манай нийгэмд гүнзгий тогтсон хэвшмэл ойлголтыг илэрхийлж байдаг. Тухайлбал: удирдлагын туслах, нарийн бичгийн ажлыг ихэвчлэн эмэгтэйчүүд хийдэг гэх мэт. Үүний үр дүнд жендерийн харьцаанд хиймэл оюуны нөлөө хэт нэг тал руу хэвийхээр байна" хэмээн "Revelio Labs"-ийн эдийн засагч Хакки Озденорен өгүүлжээ.
Хиймэл оюуны технологийн ахиц дэвшил нь дэлхийн хөдөлмөрийн зах зээл дэх жендерийн тэгш бус байдлыг улам хурцатгах эрсдэлийг компаниуд ажиллах хүчээ цомхотгож, генератив хиймэл оюуны хэрэглээг нэмэгдүүлэхээр зорьж байгаагаас харж болно. "International Business Machines"-ийн сүүлд хийсэн судалгаанд компаниуд хүний нөөц гэх мэт хиймэл оюунаар хялбар орлуулах боломжтой оффисын арын албаны орон тоонуудад шинэ ажилтан авахаа цөөрүүлж байгаа нь харагджээ. Ирэх таван жилийн хугацаанд эдгээр ажлын байрнуудын 30 хувийг автоматжуулснаар 7800 ажлын байр үгүй болно хэмээн тус компанийн Гүйцэтгэх захирал Арвинд Кришна тооцоолжээ.
Ерөнхийдөө эмэгтэйчүүд ихэвчлэн хийдэг нэгэн хэвийн, олон давтамжтай процесс бүхий ажлуудыг хиймэл оюун орлох магадлал хамгийн өндөр аж. Тухайлбал: “ChatGPT” модель нь богино хугацааны дотор их хэмжээний текстэд хайлт хийж, хянаж, нэгтгэн дүгнэх чадвартай. Мөн хүний нөөцийн талбарт хиймэл оюун ажил горилогсдын анкетыг ангилах явцыг автоматжуулах боломжтой болсныг Хакки Озденорен онцолсон байна.