
Зургийг: Leon Neal/Getty Images
Ирэх гуравдугаар сард Их Британи болон Австрали улсын Ерөнхий сайд нар АНУ-д айлчилж, цөмийн хөдөлгүүрт шумбагч онгоцны төслөө Цагаан ордонд танилцуулахаар төлөвлөж байна.
Уулзалтаар Их Британийн Ерөнхий сайд Риши Сунак, Австралийн Ерөнхий сайд Энтони Албанез нар Австралийн “Collins Class” шумбагч онгоцыг орлох загварыг АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байденд танилцуулж магадгүй хэмээн шинжээчид үзэж байгаа аж.
Эдгээр улс хамтран Австралийг Номхон далайн бүс нутагт цөмийн хөдөлгүүрт шинэ шумбагч онгоцтой болгохын тулд өндөр нууцлалын дор батлан хамгаалахын чадавх, туршлагаа солилцож байгаа юм.
Энэхүү төсөл нь Номхон далайн бүс нутаг дахь БНХАУ-ын цэрэг зэвсгийн нөлөөллийг хязгаарлах зорилгоор 2021 онд тус гурван улсын баталсан “Аukus” нэртэй гэрээний нэгээхэн хэсэг ажээ.
Одоогоор Австралийн Ерөнхий сайд гуравдугаар сарын 10-19-ний өдрүүдэд АНУ-д айлчлах боломжтойг мэдээлсэн бол Их Британийн Засгийн газар гуравдугаар сарын 15-нд төсвийн төслөө батлах хуваарьтай тул Риши Сунак түүнээс өмнө айлчлал хийх магадлал бага байгаа аж.
Цөмийн хөдөлгүүрт шумбагч онгоцны төсөлд тооцоолсноос урт хугацааг шаардагдаж байгаа нь АНУ-ын зүгээс “Aukus”-ийн бусад гишүүдэд технологи, мэдээллээ хуваалцахдаа хязгаарлалт тогтоосонтой холбоотой аж.