2023 онд эдийн засгийг тогтворжуулах арга хэмжээ авахаар төсөв болон мөнгөний бодлогыг уялдуулахаар ажиллаж байгааг Эдийн засаг, хөгжлийн сайд мэдээллээ.
2023 онд мөнгөний бодлого хатуурч, төсвийн алдагдлыг 900 тэрбум төгрөгөөр бууруулж, 1.5 их наяд төгрөг байхаар дотоодын нийт бүтээгдэхүүний 2.8 хувьтай тэнцэхээр төлөвлөсөн байна.
Ирэх онд төлбөрийн тэнцлийн алдагдлыг бууруулахын тулд уул уурхайн гол нэр төрлийн бүтээгдэхүүнүүдийн экспортын хэмжээг цар тахлын өмнөх үеийн түвшинд хүргэх бүрэн боломжтойг Сангийн сайд мэдэгдлээ. Мөн бүх салбарт боловсруулах үйлдвэрлэлийг нэг шат ахиулахаар зорьж байгаа юм байна.
2023 оны төсөвт шинэ хөрөнгө оруулалт тусгахгүй бөгөөд зөвхөн шилжиж байгаа болон дуусаагүй төслийн зардлыг тусгажээ. Ингэснээр 2024 оноос төсвийн хөрөнгө оруулалтын ачаалал эрс буурах боломжтой гэж үзсэн байна.
Ирэх оны төсөвт хүүхэд бүрд олгох 100 мянган төгрөгийг хэвээр хадгалах боловч өрхийн орлого нь 3.5 сая төгрөгөөс дээш бол хүүхдийн мөнгө авахгүй. Ингэснээр нийт хүүхдийн 91 хувь нь хүүхдийн мөнгөө үргэлжлүүлэн авахаар байна.
Мөн хувь хүний орлогын хэмжээнээс хамаарсан шаталсан татварын тогтолцоог нэвтрүүлэхээр төсөвт тусгажээ.
Харин Төрийн албан хаагчийн цалингийн шаталсан системийг 20 болгон нэмэгдүүлж, орон нутгийн албан хаагчдын цалинг 20 хувиар нэмэх зохицуулалт оруулсныг Сангийн сайд мэдээллээ.
Эрчим хүчний салбарт айл өрхийн үнэ тарифт өөрчлөлт орохгүй харин аж ахуйн нэгж болон томоохон хэрэглэгч нарын үнэд өөрчлөлт оруулж, томоохон шинэчлэл хийхээр байна.
Уул уурхайн компаниудаас орон нутгийн ард иргэдэд өгдөг хандив тусламжийн харилцааг зохицуулалттай, ил тод болгохоор 2023 оны төсвийн тухай хуультай дагалдах хуульд өөрчлөлт оруулжээ.