
Зургийг: T. Narayan/Bloomberg
Гадаадын хөрөнгө оруулалт БНЭУ-ийг чиглэж буй энэ үед тус улсын Ерөнхий сайд Нарендра Моди Илон Маск, Рэй Далио тэргүүтэй тэрбумтнуудтай уулзлаа. Уулзалтын үеэр Нарендра Моди “Tesla” болон Рэй Далиогийн “Bridgewater Associates” компанийг БНЭУ дахь хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхийг уриалсан байна.
БНЭУ-ын Ерөнхий сайдын АНУ-д хийж буй айлчлалыг дэндүү цагаа олсон гэж үнэлэхэд ч багадахаар байгаа аж. Ид буцалж буй эдийн засаг, дээд түвшиндээ хүрээд буй хөрөнгийн захын үзүүлэлтүүд, эрчимтэй өсөж буй хэрэглээний зах зээл зэрэг нь түүнийг АНУ-ын компанийн удирдлагууд, хөрөнгө оруулагчдад улсынхаа потенциалыг таниулахад гайхалтай сурталчилгаа болох юм.
Энэ оны гуравдугаар сараас хойш гадаадын хөрөнгө оруулагчид БНЭУ-ын хувьцаануудад 8.7 тэрбум ам.долларын хөрөнгө оруулсан аж. Энэ нь 2020 оноос хойших нэг улиралд хийгдсэн хамгийн өндөр дүн болж байна. Үүнээс гадна “Bank of America”-ийн мэдээлснээр тус улсын рупигээр нэрлэгдсэн бондуудад ч олон улсын хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулалтаа нэмсээр байгаа юм.
Нарендра Модигийн айлчлалын үр ашиг үүгээр дуусахгүй. "Tesla" БНЭУ-д томоохон хөрөнгө оруулалт хийж магадгүй байгааг тус компанийн Гүйцэтгэх захирал Илон Маск түүнтэй уулзсаныхаа дараа мэдэгджээ.
Мөн "General Electric" болон Энэтхэгийн "Hindustan Aeronautics" компаниуд тус улсын сөнөөгч онгоцнуудад хөдөлгүүр нийлүүлэх хамтын ажиллагааны гэрээг Нарендра Модигийн айлчлалын үеэр байгуулах товтой байгаа юм.