Их Британийн орон сууцны зах зээлийн уналт 11 дүгээр сард барилга, бүтээн байгуулалтын ажилд таамаглаж байснаас илүү хүндээр нөлөөлсөн байна. Үүнтэй зэрэгцэн эдийн засгийн ирээдүйн төсөөлөл таагүй байгаагийн дээр захиалгын тоо нь эрс буурчээ.
“S&P Global”-ийн мэдээлснээр барилгын салбарын худалдан авалтын менежерүүд 2020 оны тавдугаар сард цар тахал эхэлснээс хойших хамгийн муу хүлээлттэй байгаа гэсэн байна.
Тус улсад барилгын бүтээмжийг тооцдог индекс 11 дүгээр сард 50.4 нэгж болж буурсан нь сүүлийн гурван сарын доод үзүүлэлт болжээ. Энэхүү индекс 50 нэгжээс дээш байгаа нь салбар тодорхой хэмжээнд өссөнийг илтгэж байгаа ч гэсэн мэргэжилтнүүдийн таамаглаж байсан 52 нэгжээс бага үзүүлэлт болсон байна.
Энэхүү тооцооллоос бодлогын хүүгийн болон инфляцын өсөлтийн улмаас шинэ орон сууцны хүртээмж муудаж байгаа зэрэг эдийн засагт тулгамдсан гол сорилтуудыг тодорхойлжээ. Их Британид орон сууцны үнэ сүүлийн гурван сарын турш буурч байгаа бөгөөд цаашид ч буурах төлөвтэй байгаа гэж мэргэжилтнүүд үзэж байгаа аж.
Орон сууцны шинэ төслүүд бодлогын хүүгийн өсөлт, борлуулалтын гэрээг цуцлах явдал болон эдийн засгийн төсөөлөлтэй холбоотой болгоомжлол зэргээс үүдэн удааширч байна гэж “S&P Global”-ийн зах зээлийн шинжээч Тим Мур мягмар гарагт хэвлүүлсэн тайландаа дурдсан байна. "Барилга бүтээн байгуулалтын салбарыг худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн төслүүд нуруундаа үүрч байна. Энэ салбарт ч гэсэн хэрэглэгчийн итгэл буурснаас өсөлтийн хурд нь удааширч байгаа. Дууссан төслийг орлуулах шинэ ажил байхгүй байгаагаас нийтийн инженерчлэлийн салбарт уналт болж байна" гэж “S&P Global”-ийн тайланд тусгасан байна.
Мөн 11 дүгээр сард эрчим хүчний үнийн өсөлт, бүтээгдэхүүн болон ажиллах хүчний нийлүүлэлтийн хомсдолоос үүдэн тус салбарын зардлын дарамт эрчимтэй нэмэгджээ.
Нийлүүлэлтийн сүлжээний доголдлын улмаас барилгын материал худалдан авах хүлээлтийн хугацаа нэмэгдэж байгаагаас зардал өсөхөд хүрсэн байна.
Үйл ажиллагааны өсөлтийн төсөөлөл ч өнгөрсөн сард сайнгүй байгаа аж. Цар тахлыг тооцохгүйгээр энэхүү үзүүлэлт 2008 оны эдийн засгийн хямралаас хойших хамгийн муу түвшинд хүрчээ.