
Зургийг: Ore Huiying/Bloomberg
“Fast-Fashion” буюу тренд дагасан хямд хувцасны худалдааны томоохон тоглогч “Shein” компани АНУ-д IPO хийх бэлтгэлээ хангаж буй бөгөөд үнэлгээгээ 90 тэрбум ам.доллар хүргэхийг зорьж байгааг ойрын эх сурвалж мэдээллээ. Энэ нь хаалттай хүрээнд тогтсон үнэлгээнээс хол давсан дүн бөгөөд зах зээлийн хэлбэлзэлтэй холбоотойгоор хувьцаагаа хэзээ арилжаалах нь тодорхойгүй байна.
“Shein” 2022 оны байдлаар 100 тэрбум ам.доллароор үнэлэгдэж, дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй стартапуудын гуравдугаарт бичигдэж байв. Улмаар бодлогын хүү өсөж, эдийн засгийн төлөв улам тодорхойгүй болохын зэрэгцээ хөрөнгө оруулагчид эрсдэлтэй хөрөнгө оруулалтаас зайлсхийх болсноор тус компани болон бусад стартапуудын үнэлгээ буурсан юм.
"Shein” компани 2012 онд үүсгэн байгуулагдсанаасаа хойш БНХАУ-ын өмнөд хэсгийн хямд өртгөөр хувцас үйлдвэрлэгчдийн өргөн сүлжээг бий болгосон аж. Хямд үнэтэй хувцас борлуулахаас гадна вэбсайтдаа өдөр бүр 1000 гаруй шинэ загвар байршуулдгаараа хэрэглэгчдийг татдаг онцлогтой. Тус компани сошиалаар давамгайлж буй хувцасны чиг хандлагыг хиймэл оюунаар тандаж, үйлдвэрүүдэд захиалдаг аж. Хэдий тийм боловч хамгийн эрэлттэй загвар дээр ажиллаж, тухайн загвар нь хит болсон тохиолдолд олноор нь үйлдвэрлэдэг байна.