
“Rosneft” компани Ангарск дахь газрын тос боловсруулах үйлдвэрүүддээ хуваарьт засвар үйлчилгээ хийж байгаа ч ирэх саруудад Монгол Улсад нийлүүлэх шатахууны хэмжээгээ нэмэгдүүлэхээ мэдэгдлээ.
Мөн төмөр замын тээврийн ачааллаас шалтгаалан хүргэгдээгүй түлшний хохирлыг барагдуулна гэдгийг тус компани тодотгосон байна. Өмнө нь тохиосон болон ирээдүйд тохиож болох давагдашгүй хүчин зүйлийн хувьд хохирлыг барагдуулах арга хэмжээний талаар талууд тохиролцсон байгаа гэж “Rosneft” мэдэгдэлдээ дурджээ.
Монгол Улсын хувьд 2022 онд “Rosneft” компанитай хэлэлцээ хийж, АИ-92 автобензинийг 2027 он хүртэл тогтвортой үнээр, дизель түлшийг 10 хувийн хөнгөлөлттэй үнээр худалдан авахаар тохиролцсон юм.
Зургаадугаар сарын 16-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд АИ-92 автобензиний 28 хоногийн, АИ-95 автобензиний 30 хоногийн, дизель түлшний 32 хоногийн нөөцтэй байна.