Зургийг: Dhiraj Singh/Bloomberg
БНЭУ болон БНХАУ-д зэрэг үйлдвэрлэгдэн зах зээлд нийлүүлэгдэж буй "iPhone"-ийн анхны загвар гэдэг утгаараа "Apple" компанийн хувьд "iPhone 15" нь онцгой бүтээгдэхүүн болж байна. Тус компанийн Энэтхэг дэх үйлдвэрлэлд сүүлийн хэдэн жилийн хугацаанд томоохон ахиц дэвшил гарч, өдгөө тэнд үйлдвэрлэсэн "iPhone"-ууд хэдийгээр тоо хэмжээний хувьд цөөн боловч БНХАУ-ынхтай зэрэг шахуу худалдаанд гарч байгаа юм.
"Apple" компани Энэтхэгт үйлдвэрлэсэн "iPhone 15" гар утсыг дотоодын зах зээлд нь анхлан борлуулж эхэлсний дараа БНХАУ-ын сошиал сүлжээнд тохуурхсан өнгө аястай, үндсэрхэг үзэл шингэсэн постууд нэлээд газар авах болжээ.
Голчлон "Weibo" платформд тархаж буй тэдгээр ташаа мэдээллийн нэг жишээ нь Европын хэрэглэгчид Энэтхэгт үйлдвэрлэсэн “iPhone”-ийг чанар муутай хэмээн голох болсон тул Хятадад үйлдвэрлэсэн хувилбараар нь сольж өгч байгаа гэх мэдээ аж.
БНХАУ дэлхий даяарх "iPhone" гар утаснуудын дийлэнх хувийг үйлдвэрлэж буй нь тус улсад сая гаруй хүнийг ажлын байраар хангахын зэрэгцээ олон иргэдийнх нь хувьд улсаараа бахархах нэгэн хүчин зүйл болдог. Харин технологи, үйлдвэрлэлийн хүчин чадлаар ноёлж буй энэхүү байр сууриа хэр удаан хадгалж чадах талаар БНХАУ-ын болгоомжлол нь Энэтхэгийн эсрэг үзлийн нэгэн шалтгаан байж болзошгүйг шинжээчид онцолж байна.
БНЭУ ч гэсэн БНХАУ-ын үйлдвэрлэгчид, бүтээгдэхүүнүүдийг шахаж хавчсан түүхтэй. БНЭУ-ын Засгийн газраас "Xiaomi", "Oppo" компаниудад торгууль ногдуулж, хортой үйл ажиллагаа явуулсан гэж буруутгаж байв. Мөн БНХАУ, БНЭУ-ын зэвсэгт хүчний хилийн шугам дээрх мөргөлдөөний дараа Энэтхэгт хориглогдсон БНХАУ-ын 200 гаруй апп дунд "TikTok" хүртэл байгаа юм.
Ямартаа ч ойрын ирээдүйд “Apple”-ийн нийлүүлэлтийн сүлжээнд БНЭУ БНХАУ-ыг орлох төлөвгүй байна. Тус компанийн БНХАУ дахь үйлдвэрлэлийн хүчин чадлын ердөө 10 хувийг гаргахад найм гаруй жил шаардагдах тооцоо гарчээ.