logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Бат-Очир
    “Их 7”-ийн орнууд ОХУ-ын газрын тосны бүтээгдэхүүнд 2 төрлийн үнийн тааз тогтоохоор төлөвлөжээ
    Нийтэлсэн огноо: 2023 оны 01 сарын 11 13:00
    269
    "Их 7" ОХУ-ын боловсруулаагүй газрын тосноос өндөр үнээр борлуулагддаг бүтээгдэхүүн, бага үнээр борлуулагддаг бүтээгдэхүүн гэсэн ангиллаар үнийн дээд хязгаар тогтооно

    “Их 7”-ийн бүлгийн гишүүн орнууд ОХУ-д боловсруулагдсан газрын тосны бүтээгдэхүүнд хоёр төрлийн үнийн тааз тогтоохоор төлөвлөж байгааг албаныхан мэдээлжээ. Тодруулбал:  боловсруулаагүй газрын тосноос өндөр үнээр борлуулагддаг бүтээгдэхүүн, бага үнээр борлуулагддаг бүтээгдэхүүн гэсэн хоёр ангиллаар үнийн дээд хязгаар тогтоох аж.

    Украин дахь эзлэн түрэмгийллийнх нь хариуд ОХУ-ын эсрэг авч буй арга хэмжээнийхээ нэг хэсэг болгож Европын Холбоо хоёрдугаар сарын тавнаас эхлэн тус улсад боловсруулагдсан газрын тосны бүтээгдэхүүний импортод хориг тавих юм. Энэ нь дизель түлш, керосин, мазут гэсэн бүтээгдэхүүнийг голчлон хамарч байгаа бөгөөд гуравдагч орон руу чиглэсэн экспортод нь үнийн тааз тогтоох замаар тус хориг арга хэмжээг авах аж. Үүнийг хэрэгжүүлэх нарийн аргачлал, үнийн түвшнийг “Их 7”-ийн орнууд болон Европын Холбоо хэлэлцсэн хэвээр байгаа юм байна.

    Үүнээс өмнө буюу 12 дугаар сарын таванд Европын Холбоо ОХУ-ын түүхий газрын тосны импортод хориг тавьсны зэрэгцээ ОХУ-ын экспортлох түүхий газрын тосны үнэ баррель тутамдаа 60 ам.доллароос хэтрэхгүй үнэтэй байгаа тохиолдолд л Европын компаниудаас санхүүжилт, даатгалын үйлчилгээ авахыг зөвшөөрөх механизм бүхий үнийн тааз тогтоосон билээ. 

    ОХУ-ын орлогыг хязгаарлахын зэрэгцээ газрын тосны үнэ огцом өсөхөөс сэргийлэх зорилго бүхий энэхүү цогц арга хэмжээ одоогоор бүх талаараа амжилттай байгааг “Их 7”-ийн төлөөлөгч мэдээлжээ. “Argus Media”-ийн мэдээллээс харвал ОХУ-ын газрын тосны экспортын голлох бүтээгдэхүүн “Урал” төрлийн газрын тос баасан гарагийн байдлаар Балтын тэнгис дэх Приморскийн боомтод баррель нь 37.80 ам.доллароор зарагдаж байсан нь брент төрлийн газрын тосны тухайн өдрийн үнээс хоёр дахин бага түвшин болжээ.

    Газрын тосны бүтээгдэхүүнд хориг тавих нь боловсруулж, хэрэгжүүлэхэд зарим талаараа илүү хүндрэлтэйг онцолж байна. Дизель болон керосин түлш нь түүхий газрын тостой харьцуулахад үргэлж өндөр үнээр зарагдаж ирсэн байхад мазутын үнэ ихэвчлэн харьцангуй доогуур байдаг аж. Мөн өнгөрсөн жилийн турш эдгээр бүтээгдэхүүний үнэ маш савлагаатай байсан юм.

    Cэтгэгдэл бичих