
Зургийг: С.Батсайхан
Эдийн засгийн төрөлжилт, инновац, шинэ технологи, хүний хөгжил, ногоон хөгжлийн зорилтуудыг дэмжих чадавхтай олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Баялгийн сан бий болгоно хэмээн "Алсын хараа 2050" урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт тусгасан байдаг. Байгалийн баялаг шавхагдсан хойно ч орлогын урсгалыг таслахааргүй хуримтлал үүсгэх зарчимтай энэ сангийн гараа зөв тавигдаж буй эсэх нь маргаантай асуудал болоод байна.
Арвижаагүй сан
Уул уурхайгаас олсон орлогыг нийгэм, уул уурхайн бус салбарыг хөгжүүлэх санхүүжилт болгох Үндэсний баялгийн сангийн тухай хууль удахгүй хэлэлцэгдэх хүлээлттэй байна. Гэтэл 2016 оны хуулиар батлагдаж байсан Баялгийн сан болох Ирээдүйн өв сангийн жил бүр хуримтлал нь нэмэгдэх зарчим, мөн 2030 он хүртэл зарцуулалт хийгдэхгүй байх заалтын аль нь хэрэгжээгүй. Урт хугацааны тогтвортой бодлого дутагддаг асуудлын ээлжит золиос нь урт хугацааны сан болж, 2022 онд Ирээдүйн өв санд хуримтлагдах орлогыг хүүхдийн мөнгө олгоход зарцуулснаар сангийн хөрөнгө арвижаагүй үлдсэн юм.
Үүгээр зогссонгүй АМНАТ-өөс Төсвийн тогтворжуулалтын санд хуваарилаад үлдэх хэсгийн 65 хувийг Ирээдүйн өв санд хуваарилах заалтыг алдагдалтай төсөвтөө нийцүүлэн мөн л өөрчилсөн юм. Уг нь Засгийн газар Баялгийн сангуудын үйл ажиллагааг тууштай хэрэгжүүлж, ашигт малтмалын үнийн савлагаанаас үүдэлтэй эдийн засгийн мөчлөгийг сөрсөн бодлого тууштай баримтлах нь урт хугацааны тогтвортой өсөлтийг хадгалахад чухал үүрэгтэйг Эдийн засгийн судалгаа эрдэм шинжилгээний хүрээлэн мэдээлж байв.
Орон сууцжуулалтын боломж
Эх үүсвэрийн дутагдлыг нь арилгах шийдэл гэвэл ипотекийн зээлийн хөтөлбөрийг олон улсын туршлагын дагуу Баялгийн сангийнхаа эх үүсвэрээр санхүүжүүлэх боломж бий. Урт хугацааны эх үүсвэрийг орон сууцны зээлийн санхүүжилтийн зах зээл рүү оруулж чаддаг механизмыг нэвтрүүлж чадвал иргэдийн өрхийн орлогод илүү нийцсэн бүтээгдэхүүн бий болгох боломж нэмэгдэхийг “Монголын Ипотекийн Корпораци ОССК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга хэлж байлаа.
Казахстаны Баялгийн сангийн тухай
Газрын тос, байгалийн хий болон бусад уул уурхайн бүтээгдэхүүний үнийн хэлбэлзлийн нөлөөг арилгах тогтворжуулалтын сан хэлбэрээр 2000 онд байгуулагдаж байсан Казахстан улсын Үндэсний Баялгийн сан 2022 оны байдлаар 69 тэрбум ам.долларын хөрөнгө бүхий дэлхийн томоохон Баялгийн сангуудын нэгт тооцогдох болоод байна.
Тус улсын Парламентын шийдвэрээр ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс эхлэн Үндэсний Баялгийн сан нь жил бүрийн хөрөнгө оруулалтын орлогынхоо 50 хувийг хүүхдийн тусгай хадгаламжийн дансанд байршуулахаар болжээ. Хүүхэд бүр 18 нас хүртэл хийгдэх энэхүү хуримтлал нь ирээдүйд тэдний орон сууц худалдан авах чадавхыг сайжруулах, Казахстанд иргэдийн орон сууцжуулалтын хүртээмжийг сайжруулах зорилготойг мэдээлсэн байна.