logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    Ө.Лхагва-Эрдэнэ
    ASEAN-ийн уулзалтын дараа АНУ, ОХУ-ын төлөөлөгчид хамтарсан мэдэгдэл хийсэнгүй
    Нийтэлсэн огноо: 2022 оны 11 сарын 14 14:00
    458
    ASEAN-ийн уулзалтад АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров болон БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Көциан нар оролцлоо

    40 болон 41 дэх удаагийн ASEAN-ийн чуулга уулзалт Камбож улсад болж өндөрлөлөө. Энэхүү уулзалт Индонезийн Бали аралд болох “Их 20”-ийн уулзалтын өмнө болж байгаагаараа онцлог байсан юм. Уулзалтад ASEAN-ийн гишүүн орнуудын удирдагчдаас гадна АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров болон БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көциан нар оролцсон байна. 

    ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров уулзалтын дараа "АНУ болон түүний холбоотнууд хүлээн зөвшөөрч боломгүй санал тавьсан учраас хамтарсан мэдэгдэл хийхгүй" гэжээ. Тэрбээр АНУ ASEAN-ийн орнуудыг хагаралдуулж, сөргөлдөөн үүсэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна гэж мэдэгдсэн байна. NATO  хүрээгээ тэлэхийн зэрэгцээ АНУ болон түүний холбоотнууд болох Австрали, Шинэ Зеланд, Япон зэрэг улс Зүүн Өмнөд Азийн бүсэд цэрэгжилтийн үйл ажиллагаа явуулах нь нэмэгдэж байна хэмээн тэрбээр нэмж хэлжээ. 

    АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көциантай уулзсаныхаа дараа даваа гарагт БНХАУ-ын удирдагч Ши Жиньпинтэй албан тушаалаа авснаас хойш анх удаа биечлэн уулзах юм.

    АНУ-ын завсрын сонгуульд Жо Байдены төлөөлдөг Ардчилсан нам Сенатын танхимд ялалт байгуулсан нь уулзалтын өмнө түүнд багагүй түлхэц өгөөд байгаа юм. "АНУ цаашид БНХАУ-тай сөргөлдөөнд хүрэхгүйгээр идэвхтэй өрсөлдөх болно. Тус улс дахь хүний эрхийг зөрчсөн асуудлуудыг бид анхааралдаа авч, хоёр улсын хоорондын харилцаа нээлттэй байх талд хичээж ажиллах болно" гэж АНУ-ын Ерөнхийлөгчийн мэдэгдэлд дурдсан байна. 

    Харин БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Көциан АСЕАН-ийн гишүүн орнуудтай гадаад худалдаа, үйлдвэржилт, дижитал эдийн засаг, ногоон эрчим хүчний шилжилт болон орчин үеийн газар тариалангийн салбарт хамтын ажиллагаагаа нэмэгдүүлнэ гэж мэдэгдсэн байна. Тэрбээр мөн цар тахлын улмаас туйлдаад байгаа дэлхийн эдийн засгийг сэргээхийн тулд улс орнууд макро эдийн засгийн бодлогоо илүү сайжруулах хэрэгтэй гэж уриалжээ. Мөн БНХАУ өмнөд Хятадын тэнгис дэх асуудлыг талуудын харилцан хүндлэлтэйгээр шийдвэрлэхийг хүсэж байгаагаа онцолсон байна.

    Индонез улсын Ерөнхийлөгч Жоко Видодо 2023 оноос Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн тэргүүнээр ажиллахаар болсон бөгөөд Камбож улсын Ерөнхий сайд Хун Сенээс халааг нь аваад байгаа юм.

    "ASEAN-ийн бүс нутаг үргэлж энх тайван байж, олон улсын тогтвортой байдлын гол зангилаа байх болно. ASEAN хэн нэг өндөр эрх мэдэлтний гар хөл болохгүй" хэмээн хаалтын ажиллагааны үеэр шинэ тэргүүн мэдэгджээ.

    Cэтгэгдэл бичих