
Зургийг: Qilai Shen/Bloomberg
Нэг цэнэглэлтээр 1000 километр зам туулах боломжтой цахилгаан автомашины цэнэг хураагуур үйлдвэрлэдэг БНХАУ-ын компани хамгийн эртдээ 2025 онд хувьцаагаа олон нийтэд нээлттэй арилжаалж эхлэхээр төлөвлөжээ. "Beijing WeLion New Energy Technology" буюу "WeLion" нэрээрээ танигдсан тус компани цахилгаан автомашины туулах зайтай холбоотой болгоомжлолыг арилгах өрсөлдөөн ширүүсэж буй энэ үед авто үйлдвэрлэгчид шинэ үеийн цэнэг хураагуурыг үйлдвэрлэлдээ өргөнөөр нэвтрүүлнэ хэмээн тооцоолж дээрх шийдвэрийг гаргасан байна.
Тус компани одоогоор БНХАУ-ын цахилгаан автомашины стартап "Nio"-д 1000 км-ийн хүчин чадал бүхий хагас хатуу төлөвт цэнэг хураагуур нийлүүлж байгаа аж. 2025 он гэхэд "WeLion" орлогоо 20 дахин өсгөж, 10 тэрбум юань буюу 1.4 тэрбум ам.доллар хүргэх зорилт тавин ажиллаж байгааг компанийн үүсгэн байгуулагч Ли Хон ярилцлагадаа дурджээ. Хамгийн сүүлийн санхүүжилтээр "Beijing WeLion New Energy Technology"-ийн зах зээлийн үнэлгээ 15.7 тэрбум юань хүрснийг тэрбээр мөн онцолсон байна.
Хатуу төлөвт цэнэг хураагуур нь өндөр хүчдэл, чадал бүхий катод үүсгэх боломжтой тул цэнэг хураагуурын хүчин чадал, гүйцэтгэлийг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлж, цахилгаан автомашины зах зээлд хувьсгал хийх боломжтой гэж тооцогддог. Хэдийгээр хатуу төлөвт цэнэг хураагуурыг зах зээлд амжилттай нэвтрүүлсэн тохиолдол хараахан гараагүй байгаа ч тавдугаар сард танилцуулагдсан "Nio"-ийн SUV ангиллын шинэ “ES6” загварын автомашин "Beijing WeLion New Energy Technology"-ийн хагас хатуу төлөвт цэнэг хураагуураар тоноглогдсон аж. Ингэснээр тус компани дараагийн үеийн цэнэг хураагуурыг бөөнөөр үйлдвэрлэж, худалдаанд гаргаж эхэлсэн дэлхийн цөөхөн компаниудын нэг болсон юм.
“WeLion”-ийн “Nio”-д нийлүүлж буй цэнэг хураагуур 150 кВт.цагийн эрчим хүч үүсгэдэг, килограмм тус бүрдээ 360 Вт.цагийн эрчим хүчний нягтшилтайг мэдээлжээ. Энэ нь "Tesla"-ийн 300 кВт.цагийн нягтаршил бүхий 4680 цэнэг хураагуураас илүү үзүүлэлт аж.
Энэхүү технологи нь “Volkswagen”, “Ford”, “Mercedes-Benz”, “Geely”, “Xiaomi” зэрэг томоохон үйлдвэрлэгчдийн сонирхлыг татаж эхэлснийг компанидаа Ахлах эрдэмтний албан тушаалыг давхар хашдаг Ли Хон онцолсон байна. Борлуулалтын өндөр зорилтдоо хүрэхийн тулд "Beijing WeLion New Energy Technology" БНХАУ-д шинээр дөрвөн цэнэг хураагуурын үйлдвэр нэмж барьж, жилийн үйлдвэрлэлийн хүчин чадлаа 2025 он гэхэд одоогийн зургаан гВт.цагаас 30 гВт.цаг болгон нэмэгдүүлэхээр ажиллаж байгааг тэрбээр дурджээ.