
Зургийг: Gabby Jones/Bloomberg
Аяллын томоохон гурван компанийн орлогын тайлангаас үзвэл жуулчид зуны аялалдаа мөнгийг харамгүй зарцуулж байгаа нь тодорхой ажиглагдаж байна.
Пүрэв гарагт танилцуулагдсан “Airbnb”, “Expedia”, “Booking” компаниудын II улирлын тайлангаас үзвэл аялал жуулчлал оргилдоо хүрдэг улирлын ерөнхий үзүүлэлт холимог дүр зурагтай байна.
Харин нийтлэг байсан нэг зүйл нь өндөр үнэ байлаа. Нислэгийн тийзийн үнээс эхлээд зочид буудал, богино хугацааны сууц түрээс, Европ болон Ази дахь амралт зугаалга гээд бүгдийн өртөг өндөр түвшинд байжээ.
Энэ нь нийт орлогынхоо 90 хувийг Европоос бүрдүүлдэг “Booking” компанид ашигтай туссан байна. АНУ-ын Коннектикут мужид төвтэй тус компани орлого 27 хувиар, нийт захиалгын тоо 15 хувиар нэмэгдсэнээ тайлагнасан юм. Түүнчлэн өмнөх оны мөн үетэй харьцуулахад нэг өдрийн дундаж захиалгын тоо есөн хувиар өссөн үзүүлэлттэй байгааг тус компани онцолжээ.
“Алсдаа хүмүүс улам л их аялах сонирхолтой болно. Үүнээс аяллын тоо хэмжээ дотоодын нийт бүтээгдэхүүнээс ч хурдтай өснө гэдгийг таамаглаж болохоор байгаа юм” хэмээн тус компанийн Гүйцэтгэх захирал Гленн Фогел “Bloomberg”-д өгсөн ярилцлагадаа өгүүлжээ.
Хэдийгээр олон улсын чиглэлд нислэгийн тасалбарын үнэ өндөр хэвээр байгаа ч аялагчид цар тахлын үеэр алдсан хилийн чанад дахь аяллуудад их хэмжээний мөнгө зарцуулах сонирхолтой байсаар байна. Америкчуудын хувьд долларын ханш чангарсан ч Итали руу аялах сонирхол нь улам нэмэгдсээр байгаа юм. Өмнөх жилүүдийн зун жуулчид хөдөө нутаг, хотоос гадуур аялах нь их байсан бол энэ онд аялал жуулчлалын гол хотууд эргээд эрэлттэй бүсүүд болсон байна.
“Airbnb”-ийн сууц түрээсийн төлбөр ч мөн өндөр үнэтэй байлаа. Зургаадугаар сарын эцсийн байдлаар нэг хоногийн захиалгын дундаж үнэ 2019 оноос хойш 42 хувиар өсөж, 166 ам.доллар хүрснийг тус компани тайлагнасан байна. Гэвч үнэ нь байрлалаасаа шалтгаалан өөр өөр байгаа юм. Тухайлбал: II улиралд Хойд Америкт өмнөх оны мөн үетэй харьцуулахад захиалгын үнэ нэг хувиар буурсан бол Европ, Ойрх Дорнод, Африкт захиалгын үнэ найман хувиар өсжээ.