
Өнгөрсөн наймдугаар сард Гашуунсухайтын боомтоор нэг ээлжийн бүх албан хаагч нийлж бүртгэлгүй нүүрс гаргасан болох нь тогтоогдоод байгаа бөгөөд Хилийн цэрэг, Гаалийн ерөнхий газар, Авто тээврийн газартай холбоотой хүмүүсийг шалгасан, шалгалт үргэлжилж байгааг Хууль зүй, Дотоод хэргийн сайд мэдэгдлээ. Өөрөөр хэлбэл шалгалт гурван сарын хугацаанд үргэлжилж байгаа аж.
Тавантолгойн нүүрс тээврийг гүйцэтгэдэг 9000 орчим тээврийн хэрэгслийн эцсийн өмчлөгчдийг тогтоох, гаалийн хилээр нэвтрэхдээ ачаатай гарсан эсэхийг шалгаж эхэлсэн гэж мэдэгдлээ.
Одоогоор “Эрдэнэс Тавантолгой” компани 500 сая ам.доллар бүрдүүлэх Засгийн газрын чиглэлээс 369.5 сая ам.доллар бүрдүүлсэн байна. Нийт компаниудаас валют бүрдүүлэх ажил 49 хувьтай байгаа гэж мэдэгдэв. Цаашдаа валютын урсгалыг гацаахгүйн тулд оффтек гэрээ байгуулахгүй гэж онцоллоо.
Одоогоор байгуулсан оффтек гэрээнүүдийг харвал төмөр замын төслүүд дээр төлбөрийг нүүрсээр төлөх, нефт боловсруулах үйлдвэрийн дамжуулах шугам татах тендерийг авсан БНХАУ-ын компанитай байгуулсан оффтек, Тавантолгойн нүүрс боловсруулах үйлдвэрийн төслөөр байгуулсан оффтек гэрээ байгааг мэдээлэв.
Мөн оффтек гэрээг нээлттэй болгох шийдвэр гарсан ч худалдан авагч талын зөвшөөрөл шаардлагатай учраас хэлэлцэх асуудлаар Гадаад харилцааны яам ажиллаж байгаа аж. Мөн БНХАУ-тай хамтран ажиллах, гаалийн байгууллагаас нь мэдээлэл авахаар хүсэлт хүргүүлжээ.