
Ард иргэд дөрвөн өдрийн турш төв талбайд жагсаал хийж байгаа ч Засгийн газар, Хууль хүчний байгууллагууд өнөөг хүртэл тодорхой арга хэмжээ авч, шийдвэрлэхгүй байгааг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх буруушаалаа.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Хууль зүй, Дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга С.Ганбямба, Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан, Тагнуулын ерөнхий газрын дарга П.Одонбаатар, Авлигатай тэмцэх газрын дэд дарга, эрхэлсэн комиссар Г.Азжаргал, Цагдаагийн ерөнхий газрын дарга Ж.Болд нарыг дуудаж уулзахдаа нүүрсний хулгайчдын нэрийг зарлахгүй байгаа шалтгааныг нэхсэн байна.
Мөн энэ хэрэгт нэр холбогдсон УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг УИХ-д оруулах эрх хуулиар олгогдсоныг Улсын ерөнхий прокурорт хатуу санууллаа.
Асуудлыг шуурхай шийдвэрлэхгүй бол холбогдох хууль тогтоомжуудад заасны дагуу УИХ, Засгийн газрын бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгож, ард түмэнд сонголт хийх эрхийг нь олгох цаг ойрхон байгаа хэмээн анхааруулав.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх