Канадын нэн чухал ашигт малтмалын салбарын тэргүүлэгчдийг багтаасан уул уурхайн 27 компанид БНХАУ-ын компаниуд хувь эзэмшиж байгааг “Bloomberg”-ийн судалгаа харуулжээ. Тодруулбал: “Ivanhoe Mines”, “First Quantum”, “Teck Resources” тэргүүтэй нээлттэй компаниудын хувьцаа эзэмшигчдийн дунд БНХАУ-д төвтэй, эсвэл хамаарал бүхий компаниуд багтаж байгаа аж.
Канад улс дотоодын чухал ашигт малтмалын салбарт гадаадын хөрөнгө оруулалт татах журмаа чангаруулаад байгаа үед энэхүү тоо баримт гарсан нь анхаарал татаж байна. Энэ сарын эхээр тус улсын Засгийн газрын баталсан шинэ удирдамж нь гадаадын Төрийн өмчит компаниудыг тус улсад лити, никель, зэс, уран зэрэг чухал ашигт малтмалын гэрээ хэлцэл хийхэд улам хэцүү болгосон юм. Энэхүү шийдвэр нь дотооддоо нийлүүлэлтийн сүлжээг хөгжүүлж, БНХАУ-аас эдгээр ашигт малтмалын хамааралтай байдлаа бууруулах алхам болохыг шинжээчид онцолж байна.
Судалгаанаас харвал сүүлийн 10 жилийн турш БНХАУ-ын компаниуд Канадын төмөрлөгийн болон уул уурхайн компаниудыг худалдан авах, хөрөнгө оруулах 89 удаагийн хэлцэл хийсэн бөгөөд эдгээр хэлцлийн нийт үнэлгээ нь 14 тэрбум ам.доллароор хэмжигдэж байна.
Тухайлбал: Хойд болон Өмнөд Америкт зэс, цайрын олборлолт явуулдаг “Teck Resources”-ийн тэргүүлэх хөрөнгө оруулагч нь БНХАУ-ын хараат бус Баялгийн сан “China Investment Corp.” байгаа бол тэрбумтан Роберт Фридландын “Ivanhoe Mines”-ийн ихээхэн хувийг “Zijin Mining Group”, “Citic Metal Group” зэрэг БНХАУ-ын Төртэй хамаарал бүхий компаниуд эзэлж байна.
Өнгөрсөн долоо хоногт Канад улс дээрх бодлогынхоо хүрээнд эхний арга хэмжээг авч, БНХАУ-ын гурван компанийг тус улсад лити олборлодог жижиг компаниудад хөрөнгө оруулах эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гаргасан юм. Мөн цаашид энэ салбарт хийгдэж буй бүх хэлцэлд Үндэсний аюулгүй байдал болон тагнуулын байгууллагын шалгалт оруулахаар болжээ.