
Зургийг: С.Батсайхан
Монгол Улс 2024 онд нүүрсний экспортын биет хэмжээг 60 сая тонн хүргэхээр ирэх оны төсөвт тусгалаа. Үүнд хилийн нэвтрүүлэх хүчин чадал нэмэгдсэн нь нөлөөлж байна гэж үзэж байгаа аж.
Харин энэ оны хувьд 52 сая тонн буюу түүхэн дээд хэмжээгээр нүүрс экспортлох төлөвтэй гэж үзэж байна. Оны эхний найман сард нүүрсний экспортын биет хэмжээ 41 сая орчим тонн хүрээд байгаа аж. Үлдсэн дөрвөн сар буюу IX-XII сард 11 сая тонн нүүрс экспортолсноор энэ оны төсөөлөлдөө хүрэхээр байна. Зөвхөн сарын хэмжээгээр харвал Монголоос БНХАУ-д экспортолсон нүүрсний хэмжээ түүхэн дээд буюу 6.8 сая тонн даваад байгаа юм.
Боомтууд нэвтрүүлэх хүчин чадлаа нэмэгдүүлэх, үйл ажиллагаагаа автоматжуулах явц үргэлжилж байгаа нь ирэх онд нүүрсний экспорт нэмэгдэх боломжтойг харуулж байна.
Бусад улстай харьцуулахад Монгол Улсын нүүрсний экспортын өсөлт хамгийн өндөр байгаа юм.
Харин зэсийн баяжмалын хувьд энэ онд 1.45 сая тонн, ирэх онд 1.5 сая тонныг экспортлохоор тооцоолжээ. “Оюу Толгой” төслийн гүний уурхайн олборлолт хийгдэж, зэсийн баяжмалын агууламж өссөнөөр уул уурхай, түүнийг дагасан тээвэр логистик, худалдааны салбарын өсөлт нэмэгдэнэ гэж үзсэн байна. Ингэснээр 2024 онд 6.5 хувь гэж тооцоолж байсан эдийн засаг долоон хувьд хүрэх төлөвтэй гэж тооцоолжээ.
Алт, төмрийн хүдрийн экспортын хувьд ирэх онд төдийлөн өөрчлөлт гарахгүй, харин бага зэрэг буурах тооцоог танилцууллаа. Уул уурхайн экспортын төсөөллийг харвал эдийн засагт ерөнхий эерэг нөлөө үзүүлэх дүр зурагтай байна. Хэдий тийм боловч төсвийн хөрөнгө оруулалтын үр дүнгүй байдал, сонгууль угтсан хэт өндөр халамж төсөвт хүндрэл учруулж магадгүй байгаа юм.