logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Тансаг зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Х.Солонго
    “Klaviyo”-ийн IPO Харвард төгссөн физикчийг тэрбумтан болгов
    Нийтэлсэн огноо: 2023 оны 09 сарын 22 17:00
    784

    Зургийг: Barry Chin/The Boston Globe/Getty Images

    “Klaviyo” компанийн хувьцааны ханш анхны арилжаагаар 9.2 хувиар өсөж хаагджээ

    Харилцагчид руу автоматжуулсан зурвас, и-мэйл илгээх нь тийм ч ашигтайд тооцогддоггүй ч Нью-Йоркийн биржид хувьцаагаа арилжаалж эхэлсэн маркетингийн технологийн “Klaviyo” компанийн  бизнес төсөөлөл эвдсэн байна.

    Эндрю Биалецки компаниа 2012 онд Бостонд байгуулсан цагаас хойш үйл ажиллагаа нь эрчимтэй тэлж, “Summit Partners”, “Lone Pine Capital”, “Shopify” зэрэг компаниудаас хөрөнгө оруулалт татаж чадсан юм. Сүүлд “Klaviyo” нэгж хувьцаагаа 30 ам.доллароор нээлттэй санал болгосноор бүрэн хөрвүүлсэн хувьцааных нь тоогоор бодвол 90 тэрбум ам.долларын санхүүжилт босгосон байна.

    Лхагва гарагийн анхны арилжаагаар тус компанийн хувьцааны ханш 9.2 хувиар өсөж, 32.75 ам.долларт хаагджээ. Ингэснээр 37 настай Эндрю Биалецки тэрбумтны эгнээнд шилжиж байна. Тэрбээр “Klaviyo”-ийн хувьцааны гуравны нэгийг эзэмшсэн хэвээр байгаа тул компанийн хамгийн том хувьцаа эзэмшигч нь юм. Түүний эзэмшдэг хөрөнгийн хэмжээ 3.2 тэрбум ам.доллар хүрээд байгааг “Bloomberg Billionaires Index”-ээс харж болохоор байна.

    Өрхийн бизнес эрхлэгч гэр бүлд төрсөн Эндрю Биалецки өөрийгөө чөлөөт, бие даасан байдлыг эрхэмлэгч хэмээн нэрлэх дуртай. 

    “Компани үүсгэн байгуулагчдад өгөх миний зөвлөгөө бол: Хэрэгцээнийхээ хамгийн доод хэмжээгээр мөнгө босгож, харилцагчидтайгаа тогтмол холбоотой байх. Ингэвэл дараа дараагийн хөрөнгө босголт илүү хялбар болно” хэмээн тэрбээр 2022 онд подкастад оролцохдоо ярьж байжээ. 

    Харвардын их сургуульд физик, астрономи, астрофизикийн шинжлэх ухаанд суралцсаныхаа дараа Эндрю Биалецки  “Applied Predictive Technologies” хэмээх жижиглэн худалдааны дата аналитикийн компанид инженерээр ажилд орсон аж. Харин “Klaviyo” компаниа үүсгэн байгуулахын өмнө тэрбээр бизнесүүдэд зорилтот маркетингийн кампанит ажил явуулахад нь тусалж, харилцагчийн зан үйлийг шинжлэн, шийдвэр гаргалтыг нь тооцоолдог “Performable”, “Rocktech Digital” хэмээх маркетингийн программ хангамжийн компаниудад ажиллаж байжээ. 

    Түүний багт мөн “Applied Predictive Technologies”-т ажиллаж байсан, “MIT”-ийн төгсөгч Эд Халлен орж ирсэн нь одоо  “Klaviyo”-ийн Бүтээгдэхүүн хариуцсан ахлах захирал болсон байна. Энэ жил 41 настай Эндрю  Халлен компанийн 1.1 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний хувьцаа эзэмшдэг нь “Bloomberg Billionaires Index”-ээс харагдаж байна. 

    Харин компанийн амжилтын төсөөллийн тухайд Эндрю Биалецки, Эд Халлен нар хэдийн санал зөрөлдөж эхлээд байна. Эндрю Биалецки 2020 онд эргэн худалдан авах хөтөлбөрөөр компанийн бараг 30 сая ам.доллартой тэнцэх хэмжээний хувьцааг зарсан. Харин Эд Халлен 2020-2021 онд 90 сая ам.долларын хувьцаа зарсан байна. 

    2023 оны эхний зургаан сарын байдлаар “Klaviyo” 321 сая ам.долларын орлого олсноос цэвэр ашиг нь 15 сая орчим байлаа. Харин  өнгөрсөн оны мөн үед тус компани 208 сая ам.долларын орлого олж, 25 сая ам.долларын алдагдал хүлээж байжээ. 

    Тус компани IPO хийснээр 576 сая ам.доллар босгоод байна. Тайлангаа танилцуулах үеэр “Klaviyo” компани “Үр бүтээмж бол бидний ажлын цөм” гэж хэлж байлаа. IPO хийхийн өмнө босгосон анхдагч хөрөнгө болох 455 сая ам.долларын 15 сая ам.долларыг л компани үйл ажиллагаандаа зарцуулснаа тайлагнажээ.

    Есдүгээр сард “Instacart”, “Arm” зэрэг компаниудын хийсэн IPO-ийн давлагаанд “Klaviyo” компани ийнхүү нэгдлээ. Энэ нь АНУ-д санхүүгийн хямралаас хойших хамгийн урт үргэлжилсэн IPO-ийн “ган гачиг”-ийг тайлж байна. 

    “Бид харилцагч нартаа ойрхон, урт хугацаанд үйл ажиллагаа явуулах, сахилга баттай компани байх зорилтоо дээдэлдэг. Манайх хувьцаа эзэмшигч нартай болж байгаад би догдолж байна” хэмээн Эндрю Биалецки “Bloomberg”-т онцолж байлаа.

    Cэтгэгдэл бичих