
Зургийг: Qilai Shen/Bloomberg
Японы “SoftBank” компани “Alibaba Group Holding”-д эзэмшдэг дийлэнх хувьцаагаа зарахаар болсныг “Financial Times” мэдээллээ. Энэхүү мэдээлэл гарсны дараа “Alibaba Group”-ийн хувьцааны ханш Хонгконгийн Хөрөнгийн биржид хоёр хувиар унасан нь өдрийн дүнгээр хоёрдугаар сарын 24-нөөс хойших хамгийн өндөр дүнгээр буурсан үзүүлэлт болж байна.
Тэрбумтан Масаёши Соны “SoftBank” он гарсаар долоон тэрбум гаруй ам.доллартой тэнцэх үнийн дүн бүхий “Alibaba Group”-ийн хувьцааг форвард хэлцлээр дамжуулан худалдаад байгаа аж.
Үүнийг өнгөрсөн онд зарсан 29 тэрбум ам.долларын хувьцаатай нэгтгэвэл “SoftBank”-ийн “Alibaba Group” дэх эзэмшил дөрвөн хувьд ч хүрэхээргүй болж байна.
“Анхны санхүүжүүлэгчдийн нэг болох компани нь “Alibaba Group”-ийг орхиж буй мэдээлэл ойрын хугацаанд дарамт үүсгэж магадгүй юм. Гэвч энэ нь гайхмаар зүйл биш бөгөөд үүсэх сөрөг үр дагаврыг урт хугацаанд үргэлжилнэ гэж бодохгүй байна. Хөрөнгө оруулагчдын хувьд нааштай хандлагатай байгаа. “Alibaba”-ийн хувьцааны үнэ унах үед худалдан авах төлөвтэй байна” гэж “UOB Kay Hian Holdings”-ийн Гүйцэтгэх захирал Стивен Леунг мэдээлэв.
Түүнчлэн “Alibaba Group”-ийн хувьцааны ханш өнгөрсөн оны аравдугаар сарын ханшаас бараг 50 хувиар өссөн нь тус компанийн зургаан нэгжид хуваагдан хөрөнгө оруулалт татаж, хөрөнгийн биржид бүртгүүлэх төлөвлөгөөний үр дүн аж.