
“Их 20”-ийн бүлгийн орнууд өнгөрсөн онд шатах түлшний үйлдвэрлэлийг дэмжихэд 693 тэрбум ам.доллар зарцуулж, дэлхий нийтийн уур амьсгалын зорилтдоо хүрэх ахиц дэвшлийг саатуулсан болохыг “Bloomberg Philanthropies” болон “BloombergNEF” мягмар гарагт гаргасан тайландаа дурджээ.
“Засгийн газрууд болон Төрийн өмчит байгууллагуудын зарцуулсан энэхүү мөнгө нь үнийг тэнцвэргүй болгож, шатах түлшний үр ашиггүй байж болох хэрэглээ, үйлдвэрлэл нэмэгдэхэд түлхэц болсны зэрэгцээ үеэ өнгөрөөсөн, ялгаруулалт ихтэй тоног төхөөрөмж, дэд бүтцийг санхүүжүүлсэн” хэмээн “BloombergNEF”-ийн шинжээч Викториа Каминг, Маиа Годемер нар онцолж байна.
Газрын тос, байгалийн хий, нүүрс зэрэг шатах түлшний эх үүсвэртэй эрчим хүчийг чиглэсэн санхүүжилт 2020 оноос 16 хувиар өсөж, мөн 2014 оноос хойших хамгийн өндөр дүнтэй гарсныг тооцоолжээ.
Компаниуд, хэрэглэгчдийн ялгаруулж буй нүүрстөрөгчөөс нөхөн төлбөр авдаг болох нь Парисын гэрээгээр хүлээлгэсэн үүргүүд биелэх нэн чухал алхам боловч нөхөн төлбөрийн хэмжээ хэт бага, эсвэл гол бохирдуулагчдад үзүүлж буй хөнгөлөлт хэт өгөөмөр байсны улмаас үүнтэй холбоотой ажил хэргүүдийн ихэнх нь үр дүнгүй болсныг мөн өгүүлж байна.
Шатах түлшийг чиглэсэн санхүүжилт нэмэгдсэнд эрчим хүчний жижиглэн үнийн татаас, татварын хөнгөлөлт, төсвийн өндөр хуваарилалт голлох нөлөө үзүүлсэн аж. Хэдийгээр бохирдуулалт хамгийн ихтэй шатах түлш болох нүүрсэнд “Их 20”-ийн орнуудын зарцуулсан хөрөнгө өнгөрсөн жилийнхээс 2.9 хувиар буурсан ч 2021 онд 20 тэрбум ам.доллар зориулсан байгаа нь бага биш тоо юм.
Дээрх бүлгийн орнуудаас сүүлийн хоёр жилд шатах түлшинд зарцуулсан хөрөнгийн хэмжээгээр БНХАУ тэргүүлжээ.