
Зургийг: Bloomberg Creative Photo
ОХУ дотоодынхоо нийлүүлэлтийг тогтворжуулах үүднээс дизель түлш болон бензиний экспортдоо түр хугацаанд хориг тавьж байгаагаа мэдэгдлээ. Энэ нь эрэлт оргил үедээ хүрдэг өвлийн улиралд түлшний нийлүүлэлтийг тасалдуулах томоохон эрсдэл авчирч буй ч бодит үр дагавар хэр ноцтой байх нь хориг хэр удаан үргэлжлэх вэ гэдгээс хамаарахаар байна.
Үр нөлөө
“Vortexa”-ийн статистикаар ОХУ он гарсаар өдөр бүр нэг сая гаруй баррель дизель түлш экспортолж байсан нь Герман улсын хэрэгцээг бүтэн хангахуйц нүсэр хэмжээ юм. Нийлүүлэлтийн тасалдал, мөн түүнээс үүдэх үнийн өсөлт нь зөвхөн газрын тосны бүтээгдэхүүн арилжаалагчид, ачааны автомашины жолоочдод нөлөөлөхгүй. Дизелийн төрлийн түлш нь хөлөг онгоц, галт тэрэгний гол түлш болохын зэрэгцээ уул уурхай, газар тариалан, барилгын салбарт өргөн ашиглагддаг. Товчхондоо дэлхийн эдийн засгийн томоохон хэсгийг хөдөлгөдөг түлш аж.
Монгол багтах уу
ОХУ-ын Засгийн газраас гаргасан хоригийн тогтоолоос харвал олон улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд экспортлох бараанд дээрх хориг үйлчлэхгүй гэсэн байна. Монгол Улс 2022 онд ОХУ-аас АИ-92 автобензинийг 2027 он хүртэл тогтвортой үнээр, дизель түлшийг 10 хувийн хөнгөлөлттэй үнээр худалдан авахаар тохиролцож байсан юм.
Улсын хэмжээнд есдүгээр сарын тавны өдрийн байдлаар нийт 108 мянга 936 тонн дизель түлшний үлдэгдэлтэй байгаа нь 44 хоногийн хэрэглээтэй тэнцэх нөөц болохыг Ашигт малтмал, газрын тосны газраас мэдээлж байв.
Том зургаараа
ОХУ-ын хориг зарлагдахаас өмнө дэлхий дахинд дизелийн нийлүүлэлт аль хэдийн ноцтой хүндрэлд ороод байв. OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг гарцаа танасан нь газрын тосны бүтээгдэхүүний эрэлт өсөхтэй давхацсанаар боловсруулах үйлдвэрүүдийн гарц буурч байгаа аж. Украины дайнаас өмнө ОХУ-ын далайгаар тээвэрлэх дизелийн экспорт голчлон Европыг чиглэж байсан бол хориг арга хэмжээнүүдийн дараа Турк, Бразил, Саудын Араб гол худалдан авагчид нь болжээ.
Хэдийгээр томоохон шийдвэр гарсан ч одоогоор зах зээлийн хариу үйлдэл, үнийн хөдөлгөөн төдийлөн их биш байна. Баруун хойд Европын дизель түлшний жишиг үнэ тус мэдээ гарсны дараа баррель нь 37 ам.долларыг давж өсөөд эргэн буурчээ.
Юу хүлээж байна вэ?
“Үргэлжлэх хугацаа нь бүх зүйлийг шийдэхээр байна. ОХУ-ын боловсруулах үйлдвэрүүд нөөцлөх савын асуудалд орж, үйлдвэрлэлээ зогсоохоос өөр аргагүй болох тул магадгүй энэ хориг нэг сар орчим үргэлжлэх болов уу” хэмээн “FGE”-ийн шинжээч Южен Линделл өгүүлжээ.
Хориг есдүгээр сарын 21-нээс хүчин төгөлдөр болсон ч дизелийн бүх нийлүүлэлтээ нэн даруй зогсоохгүй. Тогтоолын дагуу ОХУ-ын төмөр зам болон далайн тээврийн удирдлагаас зөвшөөрлөө авсан тээвэрлэлтүүд хэвийн үргэлжилнэ гэжээ. Энэ нь тус улсын дизель түлшний экспорт гэнэт бус аажмаар буурна гэсэн үг юм.