
Тавантолгойн нүүрсний орд болон баруун наран нүүрсний уурхайд метан хийн хайгуул хийж буй “Jade Gas Holdings” компани 60 сая ширхэг хувьцаа нэмж гарган, гурван сая австрали доллар татахаар төлөвлөж байна.
Тодорхой шалгуур хангасан, мэргэжлийн хөрөнгө оруулагчдыг чиглэн хувьцаа байршуулж байгаа аж. Нэгж хувьцаагаа 0.05 австрали долларын үнэлгээтэй гаргана гэж мэдэгдэлдээ дурдсан байна.
Энэ нь аравдугаар сарын 28-нд хувьцааны арилжааг зогсоох үеийн ханшаас хоёр хувиар хямдруулсан дүн болж байгаа юм.
“Jade Gas Holdings” хувьцаа нэмж байршуулахтай холбоотойгоор хувьцааны арилжаагаа түр зогсоогоод байжээ. Энэ лхагва гарагт арилжаа нь эхэлж, ирэх долоо хоногийн мягмар гарагт шинэ хувьцаагаа байршуулан, лхагва гарагаас арилжаалж эхлэхээр болсон байна.
Энэхүү санхүүжилтээр метан хийн төслийнхөө хүрээнд ирэх онд Тавантолгойн нүүрсний ордод хийх өрөмдлөг, судалгааны ажлуудыг хийх аж.