
Засгийн газрын хуралдаанаар Эрүүгийн хуульд хэд хэдэн чиглэлээр нэмэлт өөрчлөлт оруулахаар шийдвэрлэлээ.
Тухайлбал: халдашгүй бүрэн эрхээр халхавчилж эрүүгийн хариуцлагаас мултрах боломжгүй болохоор байна. Энэ хүрээнд жагсагчдын тавьж буй шаардлагууд ч багтаж байгааг Хууль зүй, Дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг мэдээллээ.
Хэрэг хянан шийдвэрлэх явцад хуулийн байгууллага бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх хүсэлт тавьж болно. Хэрвээ институц нь бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гаргаж өгөхгүй бол хөөн хэлэлцэх хугацааг зогсоож, эрүүгийн хариуцлагад татах байдлаар хуульчлахаар тусгажээ.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангид авлига, албан тушаалын гэмт хэрэгт өршөөл уучлал үзүүлэхгүй байхаар тодотгож оруулсан байна.
Ялын бодлогыг чангатгах хүрээнд эрх мэдлээ урвуулан ашиглах гэмт хэргээс торгох ялыг бүрмөсөн хасаж хуулийн төслийг өргөн барихаар болжээ. Эрх мэдлээ урвуулан ашиглах гэмт хэрэгт 20 хүртэлх жилээр эрхийг нь хасаж болохоос гадна Төрийн удирдах албан тушаалд бүх насаар нь ажиллуулахгүй байх заалт оруулсан гэж Хууль зүй, Дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга мэдээллээ.
Түүнчлэн авлига албан тушаалын гэмт хэргийг хялбаршуулахгүй байх буюу ердийн горимоор явахаар өөрчлөлт оруулж УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтсон байна.
Мөн ямар ч тохиолдолд гэмт хэргийн замаар олсон хөрөнгийг хураах хуультай бөгөөд үүнийг илүү тодорхой болгож өгсөн гэж мэдэгдлээ.
Хууль зүй, Дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг