
Азийн Хөгжлийн банк Азийн хөгжиж буй орнуудын эдийн засгийн энэ оны болон ирэх оны өсөлтийн төсөөллөө бууруулан тогтоолоо.
2023 онд бүс нутгийн эдийн засаг 4.2 хувиар тэлнэ гэж тооцоолж байгаа нь өмнөх төсөөллүүдээс 0.7 хүртэлх нэгж хувиар буурсан дүн болж байна. Ялангуяа Азид дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээгээр тэргүүлдэг БНХАУ-ын эдийн засгийн 2022 оны өсөлтийн төлөвийг 3.3 хувь байсныг гурван хувь болгон бууруулж тогтоожээ.
Нөгөө талаас аялал жуулчлал эргэн сэргэж, зарцуулалт нэмэгдсэнтэй холбоотойгоор энэ онд Зүүн Өмнөд Азийн орнуудын дотоодын нийт бүтээгдэхүүн 5.5 хувиар өснө гэж тооцоолж байгааг тайландаа дурдсан байна. Харин 2023 онд эрэлт буурахтай зэрэгцээд эдийн засгийн өсөлт саарна гэж тооцоолжээ.
Үүнээс гадна 2023 онд БНХАУ-ын эдийн засаг таван хувиар өснө гэж тооцоолж байсныг “Morgan Stanley”-ийн шинжээчид 5.4 хувь болгон нэмэгдүүлж тогтоолоо. БНХАУ COVID-19-ийг Үл тэвчих бодлогоо сулруулж байгаатай холбоотойгоор эдийн засаг эргэн сэргэх хүлээлттэй байгаа нь үүнд голлон нөлөөлжээ.
Цаашлаад ирэх онд тус улсын эдийн засаг цар тахлын өмнөх үеийн түвшнээс давж өснө гэж тооцоолж байгааг шинжээчид мэдээллээ. Харин Азийн Хөгжлийн банк 4.3 хувиар өснө гэж үзэж байгаа бөгөөд өөрөөр хэлбэл харилцан адилгүй байна.
“Оны эхэн үед БНХАУ-д “коронавирус”-ийн халдварын тохиолдол дээд цэгтээ хүрч нэмэгдэхтэй зэрэгцээд үйлдвэрлэл тасалдах магадлалтай байгаа. Ингэснээр эдийн засгийн өсөлт саарна. Гэхдээ нийлүүлэлтийн сүлжээний доголдол зэрэг эрсдэлийг зохицуулах боломжтой” гэж үзэж байгаагаа “Morgan Stanley”-ийн шинжээчид тодотгож байна.