Зургийг: EmberClimate
Салхи болон нарны эрчим хүчний хэрэглээ, нийлүүлэлт эрчимжиж буй хэдий ч 2023 оны эхний хагас жилд дэлхийн эрчим хүчний салбарын ялгаруулах нүүрстөрөгчийн хийн хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 0.2 хувиар өссөн байна.
Салхи болон нарны эрчим хүчний дэлхийн эрчим хүчний үйлдвэрлэлд эзлэх хувь 12 хувиар нэмэгдсэн ч уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй усны хомсдол нүүрстөрөгчийн хийн ялгаруулалтыг бууруулахад сорилт дагуулж байгаа юм. 2023 оны эхний хагаст дэлхий даяар усан цахилгаан станцын үйлдвэрлэл 8.5 хувиар буурчээ.
Ялангуяа БНХАУ-ын усны цахилгаан станцын үйлдвэрлэл буурсан нь шатах түлшний хэрэглээ бага хэмжээгээр өсөхөд нөлөөлсөн байна. Тайлант хугацаанд олон улсын хэмжээнд шатах түлшний үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 0.1 хувиар өсжээ.
Хэдий тийм боловч нөгөө талдаа энэ оны эхний хагаст цахилгаан эрчим хүчний эрэлт өмнөх оны мөн үеэс 0.4 хувиар өссөн байна. Энэ нь 2012-2022 оны дундаж болох 2.6 хувийн өсөлтөөс харьцангуй доогуур үзүүлэлт болж байгаа аж. Шатах түлшний эрэлт буурч байгаа нь нүүрстөрөгчийн хийн ялгаруулалтын цаашдын өсөлтийг зогсооход дэмжлэг болно гэж "Ember Climate" дүгнэсэн байна.