“Moderna”-ийн вакцины туршилт II шатандаа оржээ
ОХУ-д “COVID-19”-ийн халдварын тохиолдол 9000-аар нэмэгдэж, 414 мянга давлаа. Хэдий тийм боловч Москва хот жижиглэн худалдааны газрууд болон зарим бизнесүүдээ эргэн нээжээ. Мөн дотоодын нислэгүүд эргэн хийгдэж эхэлсэн байна.
Шинэ төрлийн “коронавирус”-ийн халдварын тохиолдол Энэтхэгт 7.7 мянгаар, Пакистанд 2.9 мянгаар тус тус нэмэгдсэн байна. Энэтхэгийн дийлэнх мужууд бизнес, дэлгүүрүүдээ эргэн нээжээ. Гэхдээ тус улсад “COVID-19”-ийн тархалт оргил үедээ хараахан хүрээгүй байгааг шинжээчид анхааруулж байна.
Японы Токио хот фитнес төвүүд, кино театруудаа эргэн нээж эхэлсэн байна.
Харин АНУ-д халдварын тохиолдол нэг хувиар нэмэгдлээ. Нью-Йоркт эндсэн хүний тоо цар тахал эхэлснээс хойших хамгийн цөөн тоогоор бүртгэгдсэн байна.
Италид “COVID-19”-ийн халдварын шинэ тохиолдол гурван сарын доод түвшинд хүрсэн бол Испанид нас баралт гуравдугаар сараас хойш анх удаа бүртгэгдсэнгүй.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас АНУ-д хандан “Хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхийг эрмэлзэж байгаа”-гаа илэрхийлсэн байна. Үүнээс өмнө “АНУ Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын гишүүнчлэлээс татгалзаж байгаагаа” гэж тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдсэн юм.
“Gilead”-ийн эмийн нөлөө хязгаарлагдмал байх магадлалтай байгаа нь өргөн хүрээнд явуулсан туршилтаас харагдсан байна. “Remdesivir” эмийг тав хоног хэрэглэсэн өвчтөнүүдийн биеийн байдал хэрэглээгүй хүмүүсийнхээс арай илүү сайжирсан ч 10 хоног хэрэглэсэн өвчтөнүүдэд онцын нөлөө ажиглагдаагүй байна.
“Moderna”-ийн вакцины туршилт хоёрдугаар шатандаа орсон байна. 45 өвчтөн хамруулсан эхний шатны туршилтын үр дүнг АНУ-ын Эрүүл Мэндийн Үндэсний Институт энэ сардаа багтаж танилцуулах хүлээлттэй байна.
Нийтээрээ амны хаалт зүүж, хязгаарлалтын арга хэмжээг мөрдөх нь “COVID-19”-ийн тархалтаас сэргийлэхэд чухал нөлөөтэй болохыг судлаачид онцолж байна.
Эрүүл мэндийн “Lancet” сэтгүүлд нийтэлснээр шинэ төрлийн “коронавирус”-ийн халдвар авсан өвчтөнтэй ойрын хавьтлууд амны хаалт хэрэглэсэн тохиолдолд халдвар авах эрсдэл бага байдаг байна.
Дэлхийн хэмжээнд шинэ төрлийн “коронавирус”-ийн халдвар авсан 6.3 сая (6,365,473), эндсэн 377 мянган тохиолдол бүртгэгдээд байна. Харин эдгэрсэн хүний тоо 2.9 сая давжээ.
Н.Номин-Эрдэнэ | @Nominerdene_NDN
Холбоо барих: nominerdene.n@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com