“Lenovo” групп энэ онд зах зээлийн үнэлгээнийхээ дөрөвний нэгийг алдаад байна
“Lenovo Group”-ийн (992:HK) 2-р улирлын орлого өнгөрсөн оны мөн үеэс 3 хувь өсч, 10.7 тэрбум ам.доллар давлаа. Гэсэн ч энэ нь шинжээчдийн таамагт хүрээгүйгээс хувьцааны ханш 2 жилийн доод түвшин рүү унасан байна.
Энэ онд тус компанийн хувьцааны ханш 25 хувь суларснаар Хонгконгийн хөрөнгийн биржийн хамгийн тааруу үзүүлэлттэй хувьцааны жагсаалтад багтаж байна. Компанийн зах зээлийн үнэлгээ өнөөдөр 85 тэрбум Хонгконг доллар дээр тогтлоо.
“Lenovo”-оос ажиллах хүчнийхээ 5 хувийг цомхтгож, Хятадын эдийн засгаас хамааралтай байдлаа багасгана гэж мэдэгдсэн. Орлогын 68 хувийг бүрдүүлдэг компьютерийн зах зээл агших болсноор компанийн удирдлага хөдөлгөөнт төхөөрөмж үйлдвэрлэлдээ анхаарах төлөвлөгөөтэй байна. Тухайлбал “Barclays”-ийн (BARC:LN) шинжээч Кирк "энэ болон ирэх улирал Lenovo-ийн хувьд шинэчлэл өөрчлөлтийн үе байна. Компанийн удирдлага хөдөлгөөнт төхөөрөмж, серверийн бизнесээ сэргээх бодлого баримталж байгаа" гэсэн юм.
Б.Дашням
Холбоо барих: dashnyam.b@bloombergtvmongolia.com