Jtekt: Жолооны хүрдгүй автомашинуудад зориулсан бүтээгдэхүүн гаргах шаардлагатай байна
Жолоочгүй автомашины технологи хурдацтай хөгжсөнөөр цахилгаан жолооны хүрдийг анхлан бүтээж автомашины салбарт хувьсгал хийсэн Японы "Jtekt" корпораци хүндхэн байдалд ороод байна. “Jtekt” корпорацийн 30 шахам жилийн өмнөх бүтээл хуучны гидравлик технологийн үеийг төгсгөж “Toyota”, “Mitsubishi” зэрэг компанийн гол эд анги нийлүүлэгч болгосон юм. Өнөөдөр 100 сая гаруй автомашины жолоодлогын системийг үйлдвэрлэж дэлхийн зах зээлийн дөрөвний нэгийг эзэлж байгаа боловч тус компанийн удирдлага автомашины салбарын хурдацтай инновациас эмээж байгаа аж. “Jtekt”-ийн захирал хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Жолооны хүрдгүй шинэ үеийн автомашинуудад зориулсан бүтээгдэхүүн гаргах шаардлагатай байна. Хэрэв технологийн шинэчлэлээс хоцорвол худалдан авагчдаа алдана" гэж байсан юм. “Tesla”, “Google” зэрэг компаниуд зах зээлд нэвтэрснээр тус салбар хурдацтай өөрчлөгдөж байгаа ажээ. Үүнтэй холбоотойгоор уламжлалт эд анги үйлдвэрлэгчид зах зээлээ алдах магадлал өндөр байна гэж шинжээчид дүгнэж байна.
Б.Дашням
Холбоо барих: dashnyam.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com