IEA: Эрчим хүчний салбарт оруулах хөрөнгө оруулалт 2022 онд 8 хувиар өсөх төлөвтэй
Эрчим хүчний салбарт оруулах дэлхий нийтийн хөрөнгө оруулалт 2022 онд найман хувиар өсөж, 2.4 их наяд ам.доллар хүрэх төлөвтэй байгааг Олон улсын эрчим хүчний агентлаг (IEA) мэдээллээ.
Үүнд цэвэр эрчим хүчний сүлжээ, эрчим хүчний үр ашигтай хэрэглээ нэмэгдсэн нь голлон нөлөөлөхөөр байна. Харин цэвэр эрчим хүчний хөрөнгө оруулалт 2022 онд 1.4 их наяд ам.доллар хүрнэ гэж тооцоолжээ. Хэдий тийм боловч энэ нь уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тавьсан зорилтуудад хүрэхэд хангалтгүй гэдгийг Олон улсын эрчим хүчний агентлаг онцолж байна.
Ялангуяа ОХУ Украины асуудалтай холбоотойгоор эрчим хүчний үнэ өсөж, нүүрсний хэрэглээ дахин нэмэгдсэн энэ үед цэвэр эрчим хүчинд хөрөнгө оруулалтаа илүү нэмэгдүүлэх шаардлагатай гэж дүгнэжээ.
Үүнээс гадна хэрэв ОХУ Европт байгалийн хийн нийлүүлэлтээ бүр мөсөн зогсоовол Европт эрчим хүчний хямрал болоход бэлтгэлтэй байх хэрэгтэй гэж Олон улсын эрчим хүчний агентлагийн тэргүүн анхааруулсан байна.
Түүнчлэн эрчим хүчний системд цэвэр эрчим хүчний эзлэх хувь хэмжээг нэмэхгүй бол шатах түлшний хөрөнгө оруулалт одоогийн өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэглээ, эрэлтийг хангахад хүрэлцэхгүй гэдгийг тодотгожээ.
С.Өнөрсайхан | @unursaikhan_sor
Холбоо барих: unursaikhan.s@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com