“Huawei Technologies”-ийн борлуулалт 33 хувиар өсөв
БНХАУ-ын “Huawei Technologies” компанийн борлуулалт энэ онд 33 хувиар өсч, 100 сая ширхэгт хүрлээ. Ингэснээр тус компани ухаалаг гар утасныхаа үйлдвэрлэлээр “Apple” болон “Samsung” компаниудын араас дэлхийд гуравдугаарт бичигдэж байна. “Huawei Technologies” компани өндөр үнэтэй гар утасны зах зээлд эзлэх хувь хэмжээгээ нэмэгдүүлж, хилийн чанадад үйл ажиллагаагаа өргөжүүлэх стратеги баримтлан ажиллаж эхэлсэн аж. Энэ нь олон улсын эрэлт удааширч байгаагаас үл хамааран тус компанийн борлуулалт өсөх шалтгаан болсон гэж шинжээчид дүгнэж байна. Цаашид ч мөн олон улс дахь эрэлт тасралтгүй нэмэгдэх хүлээлттэй байгаа аж. Тодруулбал 2016 онд хилийн чанад дахь орлого нийт орлогынх нь 40 хувийг бүрдүүлнэ гэсэн тооцоог “Huawei Technologies”-ийн удирдлагууд танилцуулаад байгаа юм.
Эргэн сануулахад “Huawei Technologies” компани анх харилцаа, холбооны төхөөрөмж үйлдвэрлэж, үйл ажиллагаагаа эхэлж байжээ. Харин анхны ухаалаг гар утсаа одоогоос 6 жилийн өмнө буюу 2009 онд танилцуулж байсан юм.
Г.Ану
Холбоо барих: anu.g@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com