Google: Өөрөө жолоодлоготой автомашины нэгжээ “Аlphabet”-ийн салбар болгоно
“Google” компани өөрөө жолоодлоготой автомашины нэгжээ “Аlphabet” корпорацийн салбар компани болгон тусгаарлахаар төлөвлөж байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Одоогоор автомашин үйлдвэрлэлийн нэгж нь “Google X” судалгааны компанид харьяалагддаг байна. “Google” компани наймдугаар сард бүтцээ өөрчилж “Аlphabet” нэртэйгээр дахин зохион байгуулсан юм. Тус корпорацийн бүрэлдэхүүнд одоогоор “Google Inc”, “Google Ventures”, “Google Capital”, “Google X” болон бусад охин компаниуд багтдаг байна. Анх 2012 онд танилцуулж байсан “Google”-ийн өөрөө жолоодлоготой автомашиныг нийт 1.6 сая км замд туршаад байгаа аж. Түүнчлэн энэ төрлийн автомашины гаргах ослын тоо нь уламжлалт автомашинтай харьцуулахад хамаагүй бага байдаг байна. Тиймээс тус компанийн удирдлагууд өөрөө жолоодлоготой автомашин хэрэглээнд шилжвэл замын түгжрэл буурахаас гадна жилд 33 мянган хүний амийг зам тээврийн ослоос аврах боломжтой гэж тооцоолжээ. Дашрамд дурдахад “Google” компани өөрөө жолоодлоготой автомашин үйлдвэрлэж байгаа нь зөвхөн автомашины зах зээлд нэвтрэх зорилготой биш аж. Өөрөөр хэлбэл шинэ автомашин “Uber” гэх мэт такси үйлчилгээний компанитай мөн өрсөлдөх юм байна.
Э.Эрдэнэтуяа
Холбоо барих: erdenetuya.e@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com