“Google” компани “Alphabet” гэх шинэ компани байгуулж, хувьцааны бүтцээ өөрчиллөө
Технологийн салбарт тэргүүлэгчдийн нэг “Google” компани (GOOG:US) хайлтын систем, “YouTube”, вэб хуудас бүтээгч компани болон санхүү, хөрөнгө оруулалтын албаа салгаж корпарацийн бүтцээ шинэчлэх боллоо.
“Google”-ийн толгой компани болох “Alphabet”-д “Google Inc”, “Google Ventures”, “Google Capital”, “Google X” болон бусад охин компаниуд багтах юм байна. Эдгээр охин компаниуд нь бүгд өөрийн гэсэн удирдлагатай, гүйцэтгэх захиралтай байхаар болжээ. Тус компанийн үүсгэн байгуулагч Сергей Брин “Alphabet” толгой компанийн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэх бол “Google”-ийн гүйцэтгэх захирал Ларри Пейж “Alphabet”-ийн гүйцэтгэх захирлаар ажиллах юм. Харин "Chrome" хөтөч болон "Android" үйлдлийн системийн нэгжийн ахалж байсан Сундар Пичай "Google Inc"-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллахаар болжээ.
Ларри Пейж компанийн албан ёсны блогт бичихдээ "Google компани үндсэн бизнес, урт хугацааны төслийнхөө ялгаа заагийг тодотгохын тулд энэ бүтцэд шилжиж байна. Цаг хугацаа өнгөрөхийн хирээр ихэнх компанийн үйл ажиллагаа тогтворжиж, нэг хэмнэлд шилждэг. Манай компани өнөөдөртөө амжилттай ажиллаж байна. Гэхдээ бид бизнесээ илүү ил тод, цэвэр болгож чадна" гэжээ.
“Alphabet” нэртэй шинэ холдинг компанийг байгуулах төлөвлөгөөгөө зарласны дараа “Google”-ийн хувьцааны ханш 5.8 хүртэлх хувиар өссөн байна. Гэхдээ “Nasdaq” биржийн арилжааг 0.25 хувийн уналттай хаажээ.
Б.Дашням
Холбоо барих: Dashnyam.B@bloombergtvmongolia.com