“Gilead Sciences”-ийн “Remdesivir” эмийн БНХАУ-д явуулсан туршилт амжилтгүй болов
ОХУ-д шинэ төрлийн “коронавирус”-ийн халдварын тохиолдол 4.7 мянгаар нэмэгдэж, 62.7 мянга хүрээд байна. Харин Сингапурт “COVID-19”-өөр өвчилсөн хүний тоо дөрөв дэх өдрөө дараалан 1000 гаруйгаар нэмэгдлээ. Энэтхэгт мөн хоногт 1.6 мянгаар нэмэгдэж, нийт тохиолдол 23 мянга давжээ. Харин Япон болон БНСУ-ынх тогтвортой байна.
“Gilead Sciences”-ийн БНХАУ-д явуулсан туршилтын үр дүн тааруу гарсан байна. Өндөр хүлээлт үүсгэсэн “Remdesivir” эм нь өвчтөнүүдийн бие сайжрахад төдийлөн нөлөөлөөгүй байна.
БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан
“БНХАУ Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагад өмнө нь өгсөн 20 сая ам.доллар дээрээ нэмж 30 сая ам.доллар хандивлахаар шийдвэрлэлээ. Энэ хандивын мөнгийг “COVID-19” өвчнөөс урьдчилан сэргийлэх, тархалтыг хязгаарлах болон хөгжиж буй орнуудын эрүүл мэндийн системийг дэмжих ажилд зарцуулна. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагад нэмэлтээр 30 сая ам.доллар хандивлана” гэж мэдэгдсэн байна.
АНУ-д халдварын шинэ тохиолдол сүүлийн гурван долоо хоногийн доод түвшинд хүрлээ. Техаст шинэ төрлийн “коронавирус”-ийн халдварын тохиолдол гурван өдөр дараалан нэмэгдсэн бол Нью-Йоркт эмнэлэгт шинээр хэвтэгсдийн тоо харьцангуй тогтворжсон байна.
Испанид шинэ төрлийн “коронавирус”-ийн халдварын тохиолдол, нас баралт сүүлийн долоо хоногт байгаагүй ихээр нэмэгдлээ. Харин Италид эдгэрсэн хүний тоо халдварын шинэ тохиолдлынхоос анх удаа давсан байна. Ирэх тавдугаар сарын дөрвөнөөс эдийн засгаа алгуур эргэн нээхээр төлөвлөж буй Итали улсын хувьд аж үйлдвэр, автомашин, барилгын салбаруудын үйл ажиллагааг эхэлж нээхээр бэлтгэж байна.
ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель
“Засгийн газар, Парламент, улс даяараа бид Дэлхийн II дайнаас хойш, Холбооны Бүгд Найрамдах Герман улс үүсгэн байгуулагдсанаас хойш байгаагүй сорилттой тулгарч байна. Иргэдийн маань амь нас, эрүүл мэнд эрсдэлд ороод байна. Бид улсын хэмжээнд, тивийн хэмжээнд нэгдмэл байх нь чухал. Хэрэв бид цар тахлын эхэн үед сахилга бат сайтай байвал эргээд богино хугацаанд, тогтвортойгоор эдийн засаг, нийгмийн амьдралыг сэргээж чадна” гэж онцоллоо.
Их Британи шинэ төрлийн “коронавирус”-ийн халдварын тархалтыг бүртгэхийн тулд 20 мянган өрхийг судалгаанд хамруулахаар болсон байна.
Их Британийн Эрүүл мэндийн асуудал хариуцсан Засгийн газрын ахлах зөвлөх Крис Уитти
“Цар тахал эцэс болох хоёр нөхцөл байгаа нь нэг бол маш сайн вакцин гаргаж авах, эсвэл маш сайн эмийн бүтээгдэхүүнтэй болох. Тэгвэл халдвар авсан хүн ч эдгэрээд, нас баралт зогсоно. Хэдий тийм боловч энэ жил энэ биеллээ олох магадлал тун бага. Бид үүнд бодитой хандах хэрэгтэй. Бид зай барих хязгаарлалтын арга хэмжээндээ найдахаас аргагүйд хүрч байна. Энэ нь нийгмийн хувьд хүндрэл үүсгэж байгаа ч хамгийн сайн арга хэмжээ” гэж мэдэгдлээ.
Дэлхийн хэмжээнд шинэ төрлийн “коронавирус”-ийн халдвар авсан 2.7 сая (2,716,388), нас барсан 190 мянган тохиолдол бүртгэгдээд байна. Харин 745 мянган хүн эдгэрчээ.
Н.Номин-Эрдэнэ | @Nominerdene_NDN
Холбоо барих: nominerdene.n@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com