"FedEх”-ийн ашиг 14 хувиар өсчээ
Агаарын ачаа тээврийн хамгийн том компани болох “FedEх”-ийн ашиг санхүүгийн хоёрдугаар улиралд өмнөх улирлын ашгаасаа 14 хувиар өсчээ. Тус компани гурван жилийн хугацаанд үйл ажиллагааныхаа зардлыг 1.7 тэрбум ам.доллараар танахаар шийдвэрлэсний эхний үр дүн нь ийнхүү гарч байна. Санхүүгийн хоёрдугаар улирал нь 11 дугаар сарын 30-нд дуусах үед “FedEx” компанийн нэгж хувьцааны ханш 1.57 ам.доллар болж, цэвэр ашиг нь 500 сая ам.долларт хүрчээ.Хэдий тийм боловч үйл ажиллагааны орлого нь буурснаас болж шинжээчдийн таамаглаж байснаас харьцангуй бага ашиг олсон байна.Түүнчлэн “FedEx”-ийн хамгийн том салбар болох шуурхай хүргэлтийн салбарын ашиг шинжээчдийн таамаглаж байснаас бага гарчээ. Хэрэглэгчид өндөр үнэтэй шуурхай хүргэлтээс илүүтэй хямд бөгөөд удаан тээвэрлэлтийг сонгох болсон нь “FedEx”-ийн орлого таамаглаж байснаас доогуур гарахад нөлөөлсөн байна. Харин хэрэглэгчдийн сонголт өөрчлөгдөж байгаа энэ үед “FedEx” харин ч ашигтай ажиллаж, бага боловч амжилт үзүүлсэн гэж “Edward Jones & Co” –ийн шинжээч Логан Парк тодорхойлсон байна.
Т.Элиса
Холбоо барих: elisa.t@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com