"Eastman Kodak"-ийн дампуурлаас гарах төлөвлөгөөг Нью-Йоркийн шүүх баталлаа
Дижитал технологи гарч ирэхээс өмнө гэрэл зургийн салбарт ноёрхож байсан "Eastman Kodak" компанийн дампуурлаас гарах төлөвлөгөөг Нью-Йоркийн шүүх баталлаа. Тус компанийн өрийг 4.1 тэрбум орчим ам.доллараар бууруулах төлөвлөгөөг ийнхүү баталснаар “Kodak” нь гэрэл зургийн бизнесээс гарч, компаниудад зориулсан хэвлэх технологид гол анхаарлаа хандуулж ажиллахаар болж байна. Мөн ухаалаг гар утас, таблет, компьютерийн мэдрэгч, дэлгэцийн эд анги үйлдвэрлэх ажээ. Нью-Йоркийн Рочестер хотод төвтэй тус компани 2012 оны нэгдүгээр сард дампуурлаа зарлахаасаа өмнө 3.4 тэрбум ам.долларыг үйл ажиллагаа хэвийн болгоход зарцуулсан байна. Гэхдээ “Kodak” компани 2003 оноос хойш 47 мянган ажилтнаа цомхотгож, цаас, химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг 13 үйлдвэр болон гэрэл зургийн 130 лабораторийг хаагаад байгаа юм. Дампуурлаа зарласны дараа хөрөнгийг нь хамгаалалтад авах үед “Kodak” компани 17 мянган ажилтантай байжээ. Гэхдээ одоо бүтцийн өөрчлөлт хийж, зарим салбаруудаа зарснаар ажилтнуудынх нь тоо 8500 болж буурах юм байна. Шүүхийн баримтаас үзэхэд, тус компани 895 сая ам.долларын зээл авч үүнийгээ дампуурлаас гарахад зарцуулахаар төлөвлөж байгаа ажээ.
Э.Анхбаяр
Холбоо барих: ankhbayar.e@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com