E-Mongolia-ийн мэдээллээр “коронавирус”-ийн халдварын батлагдсан тохиолдол өмнөх өдрөөс 6380-аар нэмэгдэв
Нэгдүгээр сарын 14-ний өдрийн байдлаар 21 мянга 224 сорьцод хийсэн шинжилгээгээр COVID-19-ийн халдварын 2010 тохиолдол батлагдлаа. Монгол Улсад өдөрт илэрч буй тохиолдлуудын 70 хувь нь COVID-19-ийн “Omicron” хувилбарын халдвар байгааг Эрүүл мэндийн яам мэдээлэв.
Нийслэлд 1454, орон нутагт 531, зөөвөрлөгдсөн 25 тохиолдол бүртгэгдсэн байна. Сүүлийн нэг хоногт Төв аймагт хамгийн олон буюу 119 тохиолдол батлагджээ.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд PCR шинжилгээгээр батлагдсан нийт тохиолдол 403 мянга 546 боллоо.
Харин түргэвчилсэн шинжилгээний хариуг оруулан тооцдог E-Mongolia-ийн мэдээллээр “коронавирус”-ийн халдварын батлагдсан тохиолдол өмнөх өдрөөс 6380-аар нэмэгдэж, 721 мянга 641 болоод байна.
Сүүлийн нэг хоногт “коронавирус”-ийн халдварын улмаас гурван хүн нас баржээ. COVID-19-ийн нэн хүнд хэлбэрээр 2082 хүн эндээд байна.
Улсын хэмжээнд COVID-19-өөр өвчилсөн 5889 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 867 нь хүүхдүүд байгаа аж. Харин хөнгөн хэлбэрийн оноштой 22 мянга 221 хүн Өрхийн эмчийн хяналтад гэрээр эмчлүүлж байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх хүний тоо хоногт 500 орчмоор нэмэгдсэн бол гэрээр эмчлүүлэх хүний тоо 4294-өөр нэмэгдлээ.
Баасан гарагийн байдлаар улсын хэмжээнд нийт хүн амын 69.7 хувь нь нэгдүгээр тунд, 66.6 хувь хоёрдугаар тунд, харин 955 мянга 120 хүн буюу нийт хүн амын 29.4 хувь нь гурав дахь тунд хамрагдаад байна.
Харин дархлаа сэргээх нэмэлт дөрөв дэх тунд 20 мянга 35 хүн хамрагдаад байгаа ажээ.
Ойрын хугацаанд 12-17 насны хүүхдүүдийг вакцины гуравдугаар тунд хамруулах асуудлыг шийдвэрлэнэ гэж Эрүүл мэндийн яам мэдэгдлээ.
Холбоо барих: minjma.g@bloombergtvmongolia.com