“COVID-19”-өөр өвчилсөн хүний тоо дэлхийн хэмжээнд 1.5 сая давав
Дэлхийн хэмжээнд “COVID-19”-ийн халдвар авсан хүний тоо 1.5 сая давлаа. Долоо хүрэхгүй хоногийн өмнө нэг сая хүн өвчлөөд байсан бол ийнхүү 50 хувиар өсөөд байна. Шинэ төрлийн “коронавирус”-ийн халдвараар нас барсан хүний тоо 88.4 мянга давсан бол 329.7 мянган хүн эдгэрчээ.
Нью-Йорк, Их Британи болон Бельгид нас баралт өмнө нь байгаагүйгээр өссөн байна. АНУ-д халдварын тохиолдол 9.6 хувиар нэмэгдэж, 430 мянга давлаа. Энэ үзүүлэлт сүүлийн нэг долоо хоногт өдөрт дунджаар 11 хувиар нэмэгдсэн байна. Харин нас баралт 19 хувиар өсөж, 14.7 мянга хүрлээ.
Шинэ төрлийн “коронавирус”-ийн халдвар авсан Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсоны биеийн байдал сайжирч байгаа бөгөөд Лондоны эмнэлэгт үргэлжлүүлэн эмчлүүлж байгаа юм байна.
Испанид нас баралт, халдварын тохиолдол аль аль нь сүүлийн дөрвөн өдрийн дээд түвшиндээ хүрээд байна.
"Цар тахал ойрын хоёр жилдээ үргэлжлэх төлөвтэй" гэж Австралийн Үндэсний эрүүл мэндийн их сургуулийн судлаач таамаглаж байна. Мөн вакцин хангалттай хэмжээгээр гаргаж авахад 18-24 сар шаардлагатай гэж тооцоолжээ.
Европын Комисс бүсийн орнуудын хилээ хаах хугацааг тавдугаар сарын 15-ныг хүртэл нэг сараар сунгахаар төлөвлөж байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас улс орнуудыг хязгаарлалтын арга хэмжээгээ сулруулахгүй байхыг анхааруулж байна. Мөн "Улс орнууд илүү нэгдмэл байхгүй бол хямрал хурцадна" гэж мэдэгджээ.
ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом
“Эн тэргүүнд улс орнуудын нэгдмэл байдал чухал. Би улс төрч байсан. Ямар хүнд хэцүү гэдгийг нь мэднэ. Эцсийн дүндээ хүмүүс аль нэг улс төрийн намд харьяалагддаг. Намуудын хувьд бүгд хүмүүсээ аврахад анхаарах ёстой. Энэ вирусийг улс төржилтөд ашиглахгүй байхыг хүсье. Өөрсдийгөө батлан харуулах олон арга зам бий. Харин шинэ төрлийн “коронавирус” бол улс төрд ашиглах зүйл биш. Галтай тоглож байгаагаас өөрцгүй” гэж мэдэгдлээ.
Н.Номин-Эрдэнэ | @Nominerdene_NDN
Холбоо барих: nominerdene.n@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com