COVID-19-ийн халдварын 272 тохиолдол батлагдав
12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар COVID-19-ийн халдварын 272 тохиолдол батлагдсан байна. Улсын хэмжээнд PCR шинжилгээгээр батлагдсан нийт тохиолдол 390 мянга 466 боллоо.
Нийслэлд COVID-19-ийн халдварын 209, орон нутагт 55, зөөвөрлөгдсөн найман тохиолдол бүртгэгджээ. Долоо хоногийн дунджаар Монгол Улсад өдөрт бүртгэгдэх халдварын тохиолдол 25.4 хувиар буурсан үзүүлэлттэй байгааг ХӨСҮТ мэдээллээ.
Улсын хэмжээнд COVID-19-өөр өвчилсөн 1824 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол 3123 хүн Өрхийн эмчийн хяналтад гэрээр эмчлүүлж байгаа аж.
Сүүлийн нэг хоногт “коронавирус”-ийн халдварын улмаас нэг хүн нас баржээ. COVID-19-ийн нэн хүнд хэлбэрээр 2059 хүн эндээд байна.
Баасан гарагийн байдлаар улсын хэмжээнд 911 мянга 49 хүн буюу нийт хүн амын 28 хувь нь дархлаа сэргээх нэмэлт тунд хамрагдаад байна. Өнгөрсөн нэг хоногт 1311 хүн гурав дахь тун хийлгэжээ.
Харин нийслэлийн хэмжээнд насанд хүрэгчдийн 42 хувь нь нэмэлт тунд хамрагдаад байгаа аж. Үүнтэй харьцуулахад орон нутагт гурав дахь тунд хамрагдах идэвх харьцангуй өндөр байна. Тухайлбал: Сүхбаатар, Сэлэнгэ зэрэг аймагт нэмэлт тунгийн вакцинжуулалт 50-иас дээш хувьтай байна.
Холбоо барих: minjma.g@bloombergtvmongolia.com